STARSHIP Entertainment Jang Won Young-ийг онилсон постуудад хуулийн арга хэмжээ авна
STARSHIP Entertainment агентлаг IVE-ын Jang Won Young (Чан Вон Ён)-ыг онилсон хортой пост, худал мэдээлэл болон бусад зөрчилд хатуу хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Soompi-гийн мэдээлснээр агентлаг 11-р сарын 10-нд иргэний болон эрүүгийн журмаар арга хэмжээ авч байгаагаа зарласан байна.
Тус мэдэгдэлд гутаан доромжлох, бэлгийн дарамт үзүүлэх, хувийн довтолгоо хийх, доромжлох, хувийн нууцад халдах зэрэг үйлдлийг тэвчихгүй гэдгээ онцолжээ. Мөн LIWU хуулийн фирмтэй хамтран фануудаас ирсэн мэдээлэл болон өөрсдийн хяналтаар цуглуулсан нотлох баримтыг шалгаж байгаа бөгөөд YouTube-ийн “IVE_NO_LIVE”, “Dol Jal Al” зэрэг сувгууд болон олон улсын болон дотоодын янз бүрийн платформ дээрх зөрчлийг тус бүрээр нь хуульд шилжүүлж байна.
STARSHIP Entertainment нэмж хэлэхдээ, устгасан пост, нууц болгосон аккаунт, өөрчилсөн хэрэглэгчийн нэр эсвэл идэвхгүй болгосон бүртгэл байсан ч өмнө нь цуглуулсан нотлох баримтыг хуулийн ажиллагаанд ашиглана гэжээ. Тэд мөн фэнүүдэд сэжигтэй пост, нотлох материал илэрвэл starship.protect@gmail.com хаягаар мэдээлэхийг хүссэн байна.