АНУ-ын иргэншлийг $5 саяаар авах боломжтой “Алтан карт” хөтөлбөр эхлэнэ

АНУ-д 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гадаадын иргэдэд байнга оршин суух эрх, иргэний харьяалал авах боломж олгох визийн шинэ хөтөлбөр эхлүүлж байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп зарлалаа. Хэдийгээр АНУ бичиг баримтгүй цагаачдыг албадан буцаах түүхэнд байгаагүй өргөн хүрээний ажиллагаа явуулж байгаа ч нөгөө талд хууль ёсны цагаачлалын томоохон боломж нээгдэж байна.
“Алтан карт” нэртэй уг хөтөлбөрийг хоёр долоо хоногт багтаан эхлүүлэх бөгөөд шийдвэрийг Конгрессоор баталгаажуулах шаардлагагүй гэж үзэж байгаагаа Д.Трамп мэдээлжээ. Хөтөлбөрийн бүрэн цар хүрээ, мөн хэрхэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхой бус байна.
“Бид алтан карт зардаг болно. Үнийг нь 5 сая орчимд ам.доллароор тогтоож, ногоон картаар олгодог давуу талуудыг санал болгоно” хэмээн Д.Трамп тус захирамжид гарын үсэг зурахдаа онцолсон байна.
Шинэ хөтөлбөр нь АНУ дахь бизнест тодорхой дүнтэй хөрөнгө оруулалт хийсэн цагаач иргэдэд ногоон карт олгодог одоогийн EB-5 хөтөлбөрийг орлохоор байгааг тус улсын худалдааны сайд Ховард Лутник мөн мэдээлсэн байна.