ТехнологиMobile

iPhone Duo бүрээс Samsung $250 олно

Apple-ийн анхны эвхэгддэг iPhone Duo зах зээлд гарснаар Samsung зөвхөн өрсөлдөгч нь байгаад зогсохгүй, борлуулагдах төхөөрөмж бүрээс шууд орлого олох нөхцөл бүрджээ.

Мэдээллийн дагуу Apple нь iPhone Duo-ийн үндсэн эвхэгддэг дэлгэцийг Samsung Display-ээс нийлүүлж байгаа бөгөөд нэг дэлгэцийн үнэ ойролцоогоор 250 ам.доллар байна. Хоёр компани эвхэгддэг дэлгэц нийлүүлэх гурван жилийн гэрээтэй гэх мэдээлэл гарчээ. 

Apple яагаад Samsung-ийг сонгов?

Apple бүтээгдэхүүний гол эд ангиудад нэг нийлүүлэгчээс хэт хамаарахгүйн тулд ихэвчлэн хэд хэдэн үйлдвэрлэгчтэй зэрэг ажилладаг. Ингэснээр нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулахаас гадна үнийн хэлэлцээр хийх боломжоо хадгалдаг.

Гэвч iPhone Duo-ийн эвхэгддэг дэлгэц дээр нөхцөл байдал өөр байна. Эх сурвалжийн мэдээлснээр LG Display одоогоор Apple-ийн шаардлагад нийцэх эвхэгддэг смартфоны дэлгэц нийлүүлэх хэмжээнд хүрээгүй бол BOE-ийн бүтээгдэхүүний чанар, найдвартай байдлыг Apple хангалтгүй гэж үзсэн байна. Ингэснээр Samsung Display үндсэн нийлүүлэгч болжээ. 

Энэ нь Samsung олон жилийн турш эвхэгддэг төхөөрөмжийн дэлгэцийн технологид хөрөнгө оруулсны үр өгөөж гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Samsung өөрийн Galaxy эвхэгддэг утаснуудаараа iPhone Duo-той өрсөлдөхийн зэрэгцээ Apple-ийн төхөөрөмжийн хамгийн чухал эд ангийн нэгийг нийлүүлж байна.

Эвхэгддэг дэлгэц энгийн iPhone-ийнхаас гурав дахин үнэтэй

Эх сурвалжийн тооцоогоор энгийн iPhone-ийн дэлгэц Apple-д ойролцоогоор 70 ам.долларын өртөгтэй байдаг. Харин iPhone Duo-ийн эвхэгддэг дэлгэц 250 ам.доллар буюу үүнээс гурав дахин өндөр үнэтэй байна.

iPhone Duo 1,999 ам.долларын үнээр худалдаалагдаж буйг тооцвол зөвхөн Samsung-ийн нийлүүлж буй дэлгэц нь төхөөрөмжийн жижиглэнгийн үнийн 12.5 орчим хувьтай тэнцэнэ

Samsung-д $1.8 тэрбумын бизнес болж магадгүй

Citi-ийн таамгаар Apple эхний жилдээ 7.3 сая iPhone Duo борлуулах боломжтой. Хэрэв төхөөрөмж бүрийн дэлгэцийг 250 ам.доллараар нийлүүлнэ гэж тооцвол Samsung Display-д очих орлого ойролцоогоор:

7.3 сая × $250 = $1.825 тэрбум

болох боломжтой. 

Ийнхүү Apple эвхэгддэг смартфоны зах зээлд Samsung-ийн шууд өрсөлдөгч болон орж ирсэн ч iPhone Duo амжилттай борлуулагдах тусам Samsung-ийн дэлгэцийн бизнес мөн ашиг хүртэх сонирхолтой нөхцөл үүсээд байна.

Эх сурвалж: Yahoo Finance-ийн нийтлэл
Дэлгэцийн нийлүүлэлтийн гэрээ болон нэгжийн үнийн мэдээлэл нь албан ёсны Apple/Samsung мэдэгдэл бус, салбарын эх сурвалж, мэдээлэгчийн мэдээлэлд тулгуурласан болохыг анхаарах нь зүйтэй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button