Технологи

“Alibaba” компани хиймэл оюун ухаанд 50 тэрбумын хөрөнгө оруулна

Хөрөнгө оруулагчид он гарснаас хойш Хятадын технологийн хувьцаануудыг ихээхэн сонирхох болсон бөгөөд тус улсын цахим худалдааны хамгийн том платформуудыг ажиллуулдаг “Alibaba” компанийн хувьцааны ханш сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрч өсжээ. Өнгөрсөн долоо хоногт Ханжөү хотод төвтэй тус компани борлуулалт өссөн тухай зарласны зэрэгцээзасгийн газрын хатуу арга хэмжээнээс үүдэлтэй олон жилийн дүнсгэр байдлаас тус салбар гарч, эргэн сэргэж буйн дохио ажиглагдлаа.

“Alibaba” ойрын гурван жилийн хугацаанд үүлэн тооцоолол болон хиймэл оюун ухааны дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд хамгийн багадаа 380 тэрбум юань буюу 53 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж компанийн мэдэгдэлд дурджээ. Мэдэгдэлд хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарилах, ямар төслүүдийг дэмжих талаар дэлгэрэнгүй дурдсангүй. Харин энэхүү хөрөнгө оруулалт нь сүүлийн 10 жилийн хугацаанд хиймэл оюун ухаан болон үүлэн тооцоололд зарцуулсан нийт зардлаас давна гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд орлого найман хувиар өссөн нь 280 тэрбум юаньд хүрнэ гэж таамаглаж байснаас давсан тухай “Alibaba” өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэний дараа баасан гарагт хувьцааны ханш нь 14 хувиар өссөн байна. Бээжингийн засаг захиргаа 2020 онд технологийн салбарт хууль эрх зүйн зохицуулалтын хатуу арга хэмжээ авсны дараа хөрөнгийн оруулагчдын итгэл буурчээ. Харин Хятадын “DeepSeek” гарааны компанийн гаргасан чатбот хиймэл оюуны салбарыг гайхшруулсны дараа сүүлийн саруудад нөхцөл байдал өөрчлөгдөөд байна.

Өнгөрсөн долоо хоногт бизнесийн салбарынхтай хийсэн уулзалтын үеэр Ши Жиньпин хувийн хэвшлийн компаниудыг сайшааж, өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжтой гэж хэлсэн нь технологийн томоохон компаниудыг дэмжиж буйн илрэл гэж олон нийт үзэж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button