Спорт

Хүүхдийн спортын VIII өвлийн наадам эхэллээ

Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам өнгөрсөн долоо хоногт эхэлж, маргааш албан ёсны нээлт болох гэж байна.

Өвлийн спортыг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, өсвөр үеийнхэнд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор энэхүү наадмыг хоёр жил тутам зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн наадмыг “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд гүйлтийн тэшүүр, шорт трейк, снөүбоард, уулын цана, шайбтай хоккей, гүйлтийн цана, тусгай олимпын цасны гуталтай гүйлт гэсэн үндсэн долоо, тусгай олимпын гүйлтийн цана гэсэн найман төрөлд 546 өсвөрийн тамирчин 478 медалийн төлөө хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. 


Наадмын хүрээнд хоккей Чингэлтэй дүүргийн БТСГ-ын шайбтай хоккейн ордонд, шорт трейк, тэшүүр Хандгайтад, гүйлтийн цанын тэмцээн Орхон аймагт үргэлжилж байгаа юм.

Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт “Үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын 2.1 дэх заалтыг үндэслэн олгоно. Тодруулбал, алтан медалийг 600 мянга, мөнгийг 400 мянга, хүрлийг 200 мянган төгрөг дагалдах бөгөөд наадмын нийт шагналын сан 190 сая байх аж.

эх сурвалж: Монцамэ

Холбоотой мэдээнүүд

Back to top button