АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснийхээ дараа цагаачлалын бодлогоо эрс чангаруулж, бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдэд татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэмж олгохыг цуцалж, АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгох болон дүрвэгчдийг хүлээн авах хөтөлбөрийг түр зогсоогоод байгаа. Сүүлд Цагаан ордноос мэдээлснээр нэг сая гаруй хууль бус цагаач иргэн тус улсад оршин сууж байна гэсэн тооцоо гарсан байна.

Тэгвэл 2023 оны байдлаар АНУ-д нийт 50 мянга орчим Монгол гаралтай иргэн бүртгэлтэй байгааг тус улсын хүн амын тооллогын товчооны тайланд мэдээлжээ. Энэ нь АНУ-д оршин сууж буй Ази иргэдийн 0.2 хувийг эзлэх үзүүлэлт боловч сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-д оршин сууж буй, өөрийгөө Монгол гаралтай хэмээн бүртгүүлсэн иргэдийн тоо 51 хувиар нэмэгдсэн байна.
Үүнээс гадна АНУ-д оршин суудаг Монгол өрхүүдийн жилийн орлого дунджаар 54,300 ам.доллар байгаа нь бусад Ази өрхүүдийн дундаж орлого 105,600 ам.доллар байгаагаас бараг хоёр дахин бага үзүүлэлт юм. Тэр дундаа 16-аас дээш насны нэг иргэнд ногдох жилийн орлого 35,500 ам.доллар байгаа нь мөн л хамаагүй доогуур үзүүлэлт аж. Насанд хүрсэн Монгол гаралтай иргэдийн 18 хувь нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байгааг тус тайланд онцолсон байна.