Робот такси долоо хоногт 250,000 хүнд үйлчилдэг болжээ
“Alphabet” компанийн бүрэн автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн салбар болох “Waymo” АНУ-д долоо хоногт 250,000 удаа робот такси үйлчилгээг төлбөртэйгээр үзүүлж байгаагаа мэдээллээ. Энэ нь хоёрдугаар сард 200,000 байсан үзүүлэлтээс өссөн дүн бөгөөд Сан Франциско дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, гуравдугаар сард Остин хотод тэлсэнтэй холбоотой хэмээн онцолсон байна.

“Alphabet”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай “Waymo” ирээдүйд жолоочгүй тээврийн хэрэгслээ хувь хүмүүст өмчлүүлэх, хувийн хэрэгцээнд ашиглах боломжийг нээлттэй судалж байгаа гэдгийг онцлов. Мөн Uber, автомашин үйлдвэрлэгчид болон засвар үйлчилгээний байгууллагуудтай түншлэл байгуулж, хамтран ажиллаж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолжээ.
“Waymo” нь АНУ-д жолоочгүй такси үйлчилгээг арилжааны нөхцөлөөр нэвтрүүлсэн анхдагчдын нэг бөгөөд “Tesla” тэргүүтэй өрсөлдөгчдөөсөө түрүүлж зах зээлд амжилттай нэвтэрсэн юм.
Харин “Tesla” компанийн хувьд одоогоор бүрэн автомат жолоодлоготой автомашин нэвтрүүлээгүй байгаа ч энэ оны зургадугаар сард Model Y загварын автомашинаа робот такси болгон ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдээд байна.
“Waymo”-ийн өрсөлдөгчид дунд “Amazon”-ийн эзэмшдэг Zoox, Mobileye, May Mobility, мөн БНХАУ-ын WeRide болон Baidu-ийн Apollo Go зэрэг компани багтаж байна.