Life

Паркинсоны эмчилгээнд хувьсгал гаржээ

Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд iPS эсүүдийн тусламжтайгаар Паркинсоны өвчнийг эмчлэх нь үр дүнтэй бөгөөд аюулгүй гэдгийг баталж чаджээ.

Тэд iPS эсүүдээс дофамин ялгаруулдаг мэдрэлийн эсүүдийг гарган авсан байна. Дофамин ялгаруулдаг эсүүд цөөрөх, устах нь Паркинсоны өвчний үед үе мөчний төгсгөл хэсгүүд салгалж чичрэх, хөдөлгөөний эвсэл алдагдах шалтгаан болдог байна. Японы эрдэмтэд Паркинсоны өвчний оноштой 50-69 насны 7 хүний тархинд 5-10 сая iPS эсийг суулгахад нэг ч өвчтөнд эрүүл мэндийн асуудал хүндрэл үүсээгүй бөгөөд 6 өвчтөнд хоёр жилийн турш ажиглалт хийхэд суулгасан үүдэл эсүүд дофамин ялгаруулсаар байжээ. Мөн дөрвөн хүний хөдөлгөөний эвсэл сайжирсан байна.  

“Үүдэл эсүүдийг суулгаснаар нейроны сүлжээнүүд шинээр бий болсныг Паркинсоны эмчилгээнд хувьсгал гарсантай адилтган зүйрлэж болно гэж бид үзэж байна. Аль болох ойрын үед өвчтөнүүдэд эмийг хүргэхийг зорьж байна” гэж профессор Жюн Такахаши ярилаа. 

Киотогийн их сургуулийн профессор Шинья Яманака 2006 онд дэлхийд анх удаа хүний арьсны эсээс үүдэл эсийг гарган авсан байна. Уг эсийг iPS эс буюу олон боломжит зохиомол үүдэл эс гэж нэрлэсэн бөгөөд онолын хувьд түүнээс хүний бие организмын ямар ч эсийг гарган авах боломжтой ажээ. 

Энэхүү нээлт нь нөхөн сэргээх анагаах ухааны салбарт жинхэнэ тэсрэлт болсон юм. Одоогийн байдлаар эрдэмтэд хүний зүрхний булчин, ходоод, нойр булчирхай, нүдний торлог бүрхэвч, арьс, өндгөвч, үр шингэний эсүүдийг уг iPS үүдэл эсээс гарган аваад байна. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button