Оны шилдэг авто машинаар “Kia EV3” шалгарчээ

Өмнөд Солонгосын авто машин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компанийн охин компани болох “Kia”-гийн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “EV3” загвар нь Нью-Йоркийн олон улсын авто шоуны үеэр 2025 оны дэлхийн шилдэг авто машинаар шалгарчээ.
“EV3” энэхүү шагналыг хүртсэнээр “Kia” компани Дэлхийн шилдэг авто машинуудыг шалгаруулдаг “World Car Awards” шагнал гардуулах ёслолоос 2020 оноос хойш зургаа дахь удаагаа шагнал хүртлээ гэж тус компанийн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.
“Kia”-гийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Сон Хо Сун мэдэгдэхдээ, энэхүү шагнал нь загвар дизайныг чухалчилсан, дэвшилтэт технологи, байгальд ээлтэй шийдлүүдийг санал болгож буй манай компанийн манлайллыг онцлон харууллаа гэв.
“EV3” загвар нь бүрэн цэнэглэсэн үед 605 км замыг туулдаг бөгөөд 31 минутын дотор 10-аас 80 хувьд хүрч цэнэглэгддэгбайна. Тус шагналыг авто машины салбараар мэргэшсэн дэлхийн 30 улсын 96 сэтгүүлчийн дунд явуулсан санал хураалтаар тодруулсан бөгөөд АНУ-ын сэтгүүлчид хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй байжээ.