Тесла компани Cybertruck загварынхаа үйлдвэрлэх тоог бууруулжээ

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани сүүлийн хэдэн сарын хугацаанд Cybertruck загварыг үйлдвэрлэх тоогоо бууруулж, зарим ажилчдаа өөр загварын шугамд шилжүүлсэн тухай тус компанийн дотоод эх сурвалж мэдээлжээ.
Тухайлбал энэ оны нэгдүгээр сараас хойш Техасын үйлдвэр дэх Cybertruck загварын угсрах шугамд ажиллаж байсан ажилчдын тал орчмыг Model Y загварын шугамд шилжүүлээд байгаа гэнэ.
2025 оны эхний улиралд Тесла нийт 6,406 ширхэг Cybertruck борлуулсныг Cox Automotive байгууллага тооцоолсон байна. Энэ нь өмнөх улирлын борлуулалтын тал орчим хувь юм.
Энэхүү өвөрмөц пикап загварыг зах зээлд гаргахаас өмнө нэг сая гаруй урьдчилсан захиалга аваад байгааг Илон Маск зарлаж байв.
Гэвч өнгөрсөн хугацаанд 50,000 хүрэхгүй тооны Cybertruck борлуулсныг нь гуравдугаар сарын 20-нд зарласан буцаан татах мэдэгдэлд дурдаж байжээ.
Уг загварын дээврийн металл гадаргуу замын хөдөлгөөний үеэр ховхрон унах эрсдэл илэрсэн тул засаж сайжруулах зорилгоор өмнө нь зах зээлд борлогдсон бүх загвараа Тесла буцааж татаад байгаа.
Саяхан Тесла энэ загварынхаа хамгийн хямд хувилбар болох арын дугуй хөтлөгчтэй хувилбарыг $70,000-ын үнээр зах зээлд гаргасан юм.
Ерөнхийдөө Теслагийн нийт борлуулалтын хэмжээ түүхэндээ байгаагүй хэмжээгээр буурч байгаа цаг үед ийм мэдээлэл тарж байна.
Энэ оны эхний улиралд тус компанийн борлуулалтын хэмжээ жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурсан юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Тесла компани 2025 оны эхний улиралд үйлдвэрлэх Cybertruck загварынхаа тоог бууруулах шийдвэрийг ажилчдадаа зарлаж байжээ.
Тэрбумтан Илон Маскийн улс төрийн оролцоо, үйл ажиллагаа АНУ-д төдийгүй дэлхийн олон оронд Теслагийн эсрэг хөдөлгөөн өрнүүлээд байгаа.
Үүний улмаас Теслагийн хувьцааны ханш энэ он гарснаас хойш 40 орчим хувиар унасан байна.