EDU

Трампын шаардлагыг биелүүлээгүй Харвардын их сургуулийн санхүүжилтийг царцаажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн төсвийн санхүүжилтийг царцаах шийдвэр гаргаснаа мэдээллээ. Тус сургууль нь засгийн газраас тавьсан багц шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тул, олгох байсан 2.2 тэрбум ам.долларын дүн бүхий буцалтгүй зээлийг царцаажээ.

Дональд Трампын засаг захиргаанаас сургуулийн орчин дахь еврей үндэстнийг ялгаварлан гадуурхах үзэл буюу антисемитизмийг арилгах, сахилга хүмүүжлийн дэг журмаа чангатгах зэрэг шаардлагыг Харвардад хүргүүлээд байжээ.

Харин Харвардын зүгээс антисемитизмтэй тэмцэхэд Засгийн газартай хамтран ажиллахаа мэдэгдсэн ч нэмэлтээр тусгагдсан шаардлагуудыг биелүүлэх боломжгүйгээ илэрхийлсэн байна. Тэдгээрт сургуулийн засаглалд реформ хийх, олон талт байдал, тэгш хамруулах хөтөлбөрөө цуцлах, багш оюутнуудын улс төрийн үзэл баримтлалыг харгалзан элсэлтийн журамдаа өөрчлөлт оруулах зэрэг багтсан байсныг мэдэгдэлдээ дурдсан аж.

“Их сургууль хараат бус байдал, үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ татгалзахгүй” хэмээн Харвардын Ерөнхийлөгч Алан Гарбер онцолсон байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button