Технологи

Судалгааны ажлыг хөнгөвчлөх шинэ боломж "Deep Research"

Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компани “Deep Research” нэртэй шинэ функцээ олон нийтэд танилцууллаа.

Энэхүү дэвшилтэт хиймэл оюун ухаан нь нарийн судалгаа хийх, олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, нэгтгэн боловсруулж тайлагнах зэрэг үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвартай юм.

Deep Research нь хэрэглэгчийн асуултыг тодруулан ойлгож, олон нийтэд нээлттэй онлайн эх сурвалжаас шаардлагатай мэдээллийг цуглуулан, 5-30 минутын дотор гүнзгий, ишлэлтэй тайлан боловсруулж өгдөг байна. Энэ нь эрдэм шинжилгээ, шинжээчийн дүгнэлт, сэтгүүл зүйн материал зэрэг олон төрлийн мэдээллийг боловсруулж чаддагаараа онцлогтой.

Анх тус функцийг ChatGPT-ийн Plus болон Enterprise хэрэглэгчдэд зориулан нэвтрүүлж байсан бол сүүлийн үеийн шинэчлэлтээр үнэгүй хэрэглэгчид хүртэл ашиглах боломжтой болжээ.

OpenAI-ийн зүгээс “Deep Research нь цагаа хэмнэж, чанартай судалгаа хийхийг хүсдэг хэн бүхэнд томоохон дэмжлэг болно” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ тус функцын боловсруулсан мэдээллийг хүн өөрөө нягтлан шалгаж байх нь зүйтэйг мөн сануулжээ. Учир нь зарим тохиолдолд эх сурвалжийн найдвартай байдлыг буруу үнэлэх магадлал бий аж.

Deep Research функц нь ирээдүйн “ухаалаг судалгаа”-ны эхлэл байж болох ба хиймэл оюун ухаан хүний оюуны хөдөлмөрт хэрхэн тус болж чадахыг дахин харуулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button