2030 онд 10 даатгуулагч тутамд 7 тэтгэвэр авагч ноогдоно
10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тоо 2024 онд тав байсан бол 2030 он гэхэд долоо болох тооцоолол байгааг Дэлхийн банкны тайланд дурджээ.

Нийт хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь нэмэгдэж байгаа тул тэтгэврийн тогтолцоог шинэчилж, хагас хуримтлалын тогтолцоо руу үе шаттай шилжих, мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж буйг салбарын сайд онцолж байна.
Оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 405.3 мянган хүн өндөр настны тэтгэвэр авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийт 724.5 тэрбум төгрөгийг өндөр настны тэтгэвэрт олгосон нь өмнөх оны мөн үеэс 29.7 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв.
Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572 мянга 400 төгрөгөөр шинэчлэн тогтоогоод байгаа юм. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болж нэмэгдээд байна.
Мөн эхнэр, нөхрөө алдсан ахмадууд өөрийн тэтгэвэр дээрээ 20 хувийн нэмэгдэл авдаг болох тогтолцоонд шилжээд байгаа юм.