БизнесЭдийн засаг
Трэнд:

Монгол Улс 2024 онд гадаад худалдаанаас 4.2 тэрбум ам.долларын ашиг олжээ

Монгол Улс 2024 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 4.2 тэрбум ам долларын ашигтай гарчээ.

Энэхүү графикаас харвал Орос, Хятад, АНУ гэх зэрэг улсуудтай гадаад худалдааны нягт холбоотой нь харагдаж байна. Үүнээс БНХАУ экспортын 91.4 хувийг, импортын 40.2 хувийг эзэлжээ.

Монгол улсын гадагшаа гарж буй нийт экспортын талаас илүү хувийг буюу 54.1 хувийг чулуун нүүрс эзэлж байна. Мөн БНХАУ-д экспортолсон барааны 60.3 хувийг нүүрс, 23.0 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлжээ.

Доорх графикт харагдаж буйгаар 13.6%-ийг нь бусад бүтээдэхүүнүүд бүрдүүлжээ. Үүнд нь тунгаасан зэс ба хайлш, Суудлын автомашин, бульдозер, эксковатор зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байгаа аж.

2024 онд БНХАУ-руу экспортолсон нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 103,8 ам.доллар болж, өмнөх оноос тонн тутамд 25,4 ам.доллароор тус буурсан байна.

Экспорт 2024 онд өмнөх оноос 596.5 сая ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр, баяжмал 693.4 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 152.8 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нүүрс 200.5 сая ам.доллар, лаазалсан мөхөн бүтээгдэхүүн 46 сая ам доллараар буурсан байна.

Импорт өмнөх оноос 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 395.6 сая ам.доллар, ачааны автомашин 288.6 сая ам.доллар, дизелийн түлш 186.0 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 147.7 сая ам.доллар, автобензин 120.7 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импортын дүнд 2024 онд БНХАУ 40.2%, ОХУ 24.3%, Япон 10.1%, АНУ 4.6%, БНСУ 4.2%, ХБНГУ 2.2 хувийг тус тус эзэлж, нийт импортын 85.6 хувийг бүрдүүлж байна. ОХУ-аас импортолсон барааны 71.4 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 77.1 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.9 хувийг ачааны автомашин тус тус эзэлжээ.

Монгол улсын импортын 9.2%-ийг суудлын автомашин эзэлж буй. Энэ үзүүлэлт цаашид ч өсөх магадлал өндөр.

Доорх графикт 2010 оноос хойш импортоор орж ирсэн суудлын автомашины тоо болон үнийн дүнг нэгтгэн харуулж байна. Уг графикаас харвал 2015 оноос хойш тогтмол өсч байсан суудлын автомашины импорт 2020 онд огцом буурсан нь Ковид-19 цар тахалтай холбоотой. Харин Ковид-19 цар тахал намжиж хил нээгдсэнээр энэ тоо тогтмол өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн 2024 онд түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

2024 онд 123,090 ширхэг суудлын автомашин импортоор орж ирсэн нь өмнөх оноос 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button