Хиймэл оюуны тооцооллын хүчин чадал шинэ түүхий эд болох уу

Хиймэл оюуны эрчимтэй өсөлттэй зэрэгцэн нэг шинэ асуулт гарч ирж байна: AI-ийн тооцооллын хүчин чадлыг яг газрын тос, зэс шиг арилжаалах боломжтой түүхий эд болгож чадах уу.
Сүүлийн жилүүдэд дата төв, чип, өндөр хүчин чадалтай серверийн эрэлт огцом нэмэгдсэнээр “compute” буюу тооцооллын нөөц нь стратегийн хөрөнгө болж хувирчээ. Зарим зах зээлийн оролцогчид үүнийг ирээдүйд фьючерсийн гэрээтэй, стандартжсан бүтээгдэхүүн болгон арилжаалж, үнийн эрсдэлээс хамгаалах хэрэгсэл болгох боломжийг харж байна.
Энэ санааг дэмжигчдийн нэг нь Silicon Data-ийн Carmen Li. Түүний үзэж буйгаар AI compute futures нь цаг хугацааны явцад дэлхийн томоохон түүхий эдийн зах зээлүүдтэй дүйцэхүйц хэмжээнд хүрч мэднэ. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуны “түлш” болсон тооцооллын хүчин чадал өөрөө үнэлгээтэй, худалдаалагддаг бараа болж хувирч болзошгүй.
Хэрэв энэ загвар амжилттай хэрэгжвэл AI салбарын компаниуд зөвхөн чип, дата төвөөр хязгаарлагдахгүй, тооцооллын нөөцийн үнийн савлагааг удирдах цоо шинэ санхүүгийн зах зээлтэй нүүр тулах юм.



