ChatGPT аюултай дохио өгвөл ойр дотнынхонд мэдэгдэнэ
OpenAI ChatGPT-д шинэ хамгаалалтын боломж нэмж байна. Насанд хүрсэн хэрэглэгчид өөрсдийн итгэдэг хүнээ “Trusted Contact” болгон тохируулах боломжтой болж, сэтгэцийн эрсдэл эсвэл аюултай шинж илэрвэл тэр хүнд мэдэгдэл очно.
Товчхондоо, хэрэв ChatGPT-д өөрийгөө гэмтээх, амиа хорлох зэрэг сэдвээр яриа өрнөж байвал систем эрсдэлийг таньж, гэр бүлийн гишүүн, найз эсвэл асран хамгаалагч руу холбохыг зорьж байна. OpenAI энэ функцийг “хямралын үед таньдаг, итгэдэг хүнтэйгээ холбогдох нь бодит өөрчлөлт авчирна” гэж тайлбарлав.
Энэ алхам AI чатботын аюулгүй байдлын асуудлыг дахин төвд авчирлаа. Сүүлийн үед чатботуудын сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, ялангуяа эмзэг хэрэглэгчдэд хэрхэн хариу үзүүлэх ёстой талаар технологийн салбарт хүчтэй хэлэлцүүлэг өрнөж байна. Trusted Contact нь OpenAI-ийн хамгаалалтын давхаргыг нэг шат ахиулж байгаа ч хэзээ, хэрхэн мэдэгдэл илгээхийг нарийн тэнцвэржүүлэх шаардлагатай хэвээр байна.



