Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Ирэх зургадугаар сарын 1-ээс зарим төрлийн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгохоор болжээ. “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан байдаг. Хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс байцаа, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, навчит ногоо, шар лууван, хүрэн манжингийн тариалан эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох юм байна.
Дээрх төрлийн хүнсний ногооны тариалан эрхлэгч журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах аж. Үүний тулд тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх шаардлагатай. Мөн ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх юм. Түүнчлэн татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулжих шаардлагатай юм байна.
Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж, урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдах ажээ.
Ж.Энхбаяр Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа
Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй яамны удирдлагууд Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт энэ сарын 6-нд ажиллалаа.
Тус цогцолборт Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа гэсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллагууд нэг дор үйл ажиллагаа байгаа юм.
Энэ үеэр харьяа байгууллагуудын удирдлагууд 2025 онд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.
Байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан салбарын сайд дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгов. Үүнд, мах сүүний үхрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, үржил селекцийн ажлыг бүртгэл мэдээлэлд суурилан шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, малын бүртгэл мэдээллийн ажил үйлчилгээг эрчимжүүлэх, малын удмын сангийн үндэсний төвийн харьяа орон нутаг дахь цөм сүргийн аж ахуй нэгжийн асуудлыг шийдвэрлэх саналаа боловсруулах, 2025 онд зохион байгуулахаар төлөвлөсөн зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулах аж.
Мөн өндөр ашиг шимт малаас дотоод үр үйлдвэрлэлийн ажлыг эрчимжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах Шинэ хөдөө болон төсөл хөтөлбөрийн хүрээнд түрээсээр олгогдсон малын эргэн төлөлтийн гэрээг цэгцлэх зэрэг асуудлыг үүрэг болгожээ.