Фүжи ууланд хууль бусаар авирсан хүн хоёр удаа аврагджээ
Япон улсын хамгийн өндөр оргил Фүжи ууланд авирахыг зөвшөөрсөн хугацаа жил бүрийн долдугаар сарын эхнээс есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилдэг.
Үүнээс бусад үед тус ууланд авирахыг албан ёсоор хориглодог юм. Гэтэл зөвшөөрөгдсөн хугацаанаас гадуур Фүжи ууланд авирч яваад дөрөв хоногийн дотор хоёр удаа аврагдсан хэрэг гарчээ.

Японд оршин суудаг 27 настай Хятадын оюутан эхлээд Мягмар гарагт Фүжиномия чиглэлээр авирч байгаад гуталд бэхэлдэг халтирахаас сэргийлэх тоноглолоо гээсэн тул далайн түвшнээс 3,000 метрийн өндөрт гацаж, нисдэг тэргээр аврагдсан байна.
Дараа нь Бямба гарагт ууланд гээсэн гар утсаа олох гэж дахин авирах замдаа бие нь муудсаны улмаас хоёр дахь удаагаа аврагджээ.
Хоёр дахь аврах ажиллагааны дараа Шизүока мужийн цагдаагийн газар албан ёсны хугацаанаас бусад үед цаг уурын гэнэтийн өөрчлөлт аврах ажиллагааг хүндрүүлдэг тул ууланд авирахгүй байхыг хүмүүст анхааруулсан байна.
Албан ёсны хугацаанаас бусад үед Фүжи ууланд авирах бүх замууд хаагдаж, зам дагуух эрүүл мэндийн түргэн тусламжийн цэгүүд ажилладаггүй ажээ.
Японы сошиал орчинд зөвшөөрөгдөөгүй үед олон дахин авирч, зардал чирэгдэл учруулсан оюутныг хүмүүс шүүмжилж, зарим нь аврах ажиллагааны зардлыг төлүүлэхийг уриалсан байна.
Далайн түвшнээс дээш 3,776 метр өндөр Фүжи уул нь төгс конус хэлбэртэй гэдгээрээ дэлхий дахинд алдартай. Жил бүр олон мянган жуулчин энэ ууланд авирахаар Японд ирдэг.
Сүүлийн жилүүдэд эрх баригчид жуулчдын ачааллыг хязгаарлах, уулын байгаль орчны бохирдлыг бууруулах зорилгоор авиралтын төлбөрийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа.
2023 оны долоогоос есдүгээр сарын хугацаанд 220,000 гаруй хүн Фүжи ууланд авирсан байна.