БизнесЭдийн засаг

Монгол Улсын экспорт 2025 оны 1-р улиралд 17% буурлаа

Монгол Улс 2025 оны эхний 3-р сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3 тэрбум, импорт 2.6 тэрбум ам.долларт хүрч гадаад худалдааны тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарлаа.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 17.5% буурч эсрэгээрээ импортын хэмжээ 5.5% хувь өссөн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ оны мөн үетэй харьцуулахад 8.3% буурчээ.

2025 оны 1-р улиралд Монгол Улсын экспортын 89.1%-ийг уул уурхай, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд экспортын хэмжээ 2025 оны эхний 3 сард өмнөх оны мөн үеэс 637.5 сая ам.доллараар буурсан байна. Үүнд нүүрс 882.8 сая ам.доллар, төмрийн хүдрийн баяжмал 16.4 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 13.5 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 291.8 сая ам.доллар, цайрын хүдэр баяжмал 39.7 сая ам.доллар, жоншны хүдэр баяжмал 29.3 сая ам.доллараар тус тус өссөн байна.

Импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 133.4 сая ам.доллараар өсөхөд суудлын автомашин 73.5 сая ам.доллар, дизель түлш 21.9 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг эд анги 21.3 сая ам.доллар, ачааны автомашин 18.3 сая ам.доллар, гар утас 11.7 сая ам.доллараар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Монгол Улсын эдийн засаг экспортоосоо 69% хамааралтай байгаа бөгөөд энэ нь Дэлхийн томоохон эдийн засгуудтай харьцуулахад нилээн өндөр байна. Дэлхийн хамгийн том бараа экспортлогч Хятадын ДНБ-д эзлэх экспортын хэмжээ харьцангуй бага буюу 14% байна. БНХАУ 2024 онд 3.58 их наяд ам.долларын бараа экспортлосон бөгөөд үүний 14.7%-ийг АНУ-руу экспортлосон байна. Дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ нь томоохон орнуудын дунд экспортоос хамгийн бага хамааралтай улс бөгөөд экспорт нь ДНБ-ий дөнгөж 11 хувийг бүрдүүлдэг нь хэрэглээнд тулгуурласан эдийн засгийг онцолж байна.

Трампын засаг захиргаа гадаад улс орнуудтай харилцан татвар ногдуулсантай холбоотойгоор энэ жил экспортод түшиглэсэн эдийн засагтай улс орнуудын хувьд энэ жил хүндхэн сорилуудтай тулгарч болзошгүйг шинжээчид онцолж байна.

Эх сурвалж:

JP Morgan Asset Management, Үндэсний Статистикийн Хороо

Холбоотой мэдээнүүд

Back to top button