True Gamers компани 280 сая ам.долларын өртөг бүхий дэлхийн анхны цахим спортын арлыг АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо байгуулахаа зарлалаа. АНЭУ цахим спортын салбарын хөгжилд томоохон дэмжлэг үзүүлж, бүс нутгийн болох олон улсын цахим спортын тамирчид цугларах цэг болгохоор бэлтгэж байна.

Ойрхи Дорнод тус салбарт бүс нутгийн цахим спортын тамирчдын авьяас чадварыг дэлхий дахинаа таниулах гол зорилтыг тавьж байгаа ажээ. Тус бүс нутгийн хүн амын 60 гаруй хувь нь цахим тоглоом сонирхдог бөгөөд гар утасны тоглоомуудыг хамгийн их татан авсан улсуудын нэг болжээ. Энэ эрэлтийг даган True Gamers компани Абу Дабид 280 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн юм. Аль-Раха далайн эрэг дагуух Аль Бандар болон Аль Дана барилгуудын дагуу байрлах уг арлын бүтээн байгуулалт бэлэн болох үед нэг тэрбум ам.долларын үнэлгээнд хүрэх төлөвтэй байгаа ажээ.
Тус аралд тансаг зэрэглэлийн зочид буудал, дэлхийн болон бүс нутгийн тэмцээнүүдэд зориулсан өндөр технологийн шийдэл бүхий газрууд, GG Bootcamp зэрэг мэргэжлийн сургалтын байгууламжууд байрлаад зогсохгүй контент бүтээх студи, талбай багтах төлөвтэй байна. Тамирчид мөн эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд тогтмол хамрагдаж, хоол зүйчдийн тусгайлан бэлтгэсэн эрүүл хоолоор хооллоно. Дээр дурдсан GG bootcamp-д хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт сайтай компьютер хэрэгслээр тоноглогдсон 200 гаруй тоглоомын өрөө, стрим хийх хэсэг болон алжаал тайлах үйлчилгээ бүхий амралтын хэсгүүд байхаар төлөвлөгдөж байгаа гэжээ.