Үнэт металлуудын хайгуулыг хиймэл оюунаар хурдасгаж байна

Цэвэр эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай үнэ цэнтэй металлуудын эрэлт нэмэгдэж байна. Гэвч уламжлалт аргаар хайгуул хийх нь их хэмжээний зардал, цаг хугацаа шаарддаг. Харин хиймэл оюуны тусламжтайгаар энэхүү үйл явцыг илүү хялбар, хурдан болгох боломж бүрджээ.
“Earth AI”, “Kobold Metals”, “VerAI” зэрэг компани хиймэл оюун ашиглан үнэт металлын ордуудыг илрүүлэх ажлыг хурдасгаж байна. Алт, мөнгө, платин, паллади, роди, осми, иридий, рутени гэсэн найман металлыг нийтэд нь үнэт металл хэмээн томьёолж буй.
Тухайлбал, “Earth AI” компанийн систем өмнөх хайгуулын үеийн туршлага, алдаа оноонд дүн шинжилгээ хийж, металл илрэх магадлалтай байршлуудыг өндөр нарийвчлалтайгаар таамагладаг аж. Ингэснээр өрөмдлөг хийх газрыг илүү оновчтой сонгох боломжтой болж байна.
Тус компани их хэмжээний өрөмдлөг хийхийн оронд жижиг цоолбор гарган, тухайн газарт металлын орд байгаа эсэхийг баталгаажуулдаг. Энэ арга нь хайгуулын зардлыг хоёр дахин бууруулж, ажлын хурдыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг аж. “Earth AI”-ийн гүйцэтгэх захирал Роман Теслюк: “600 метрийн гүнд өрөмдөж гаргаж авсан нэг чулуулаг сая сая цахилгаан машины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход хангалттай хэмжээний металл агуулдаг” хэмээн онцолсон байна.
Гэхдээ “Earth AI” компани өөрөө олборлолт хийдэггүй бөгөөд шинээр илрүүлсэн ордуудынхаа мэдээллийг уул уурхайн компаниудад худалдаалдаг аж. Тус компани “Y Combinator”, “Tamarack Global” зэрэг хөрөнгө оруулагчаас 38 сая ам.долларын санхүүжилт татсан бөгөөд хиймэл оюун ашиглан Австралийн хамгийн том палладийн ордуудын нэгийг илрүүлжээ.