В.Путин оросын нутагт ховор элемент олборлохыг АНУ-д санал болгожээ
Оросын нутагт газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран ажиллах саналыг Америкийн талд тавихад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Мөн тэрбээр хэлэхдээ, хоёр улс хамтран хөнгөн цагаан олборлож, үйлдвэрлэх боломжтой гэсэн байна. “Бид энэ чиглэлээр Америкийн компаниудтай хамтран ажиллах тухайд судалж үзэж болох юм. Жишээ нь, Зөвлөлтийн үед Красноярскийн хязгаарт шинэ усан цахилгаан станц, хөнгөн цагааны үйлдвэр нэмж барихаар төлөвлөж байсан” гэж В.Путин Оросын төрийн мэдлийн “Россия 1” сувгийн сурвалжлагч Павел Зарубинд даваа гарагт ярилцлага өгөхдөө хэллээ.
Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр, уг төслийг хэрэгжүүлэхэд “их хэмжээний хөрөнгө зарцуулж” магадгүй. “Урьдчилан тооцоолсноор, энэ төслийн өртөг одоогийн ханшаар 15 тэрбум орчим ам.доллар болно. Бид энэ талаар бодож үзнэ” гэж В.Путин хэлэв.

Одоогоор Орос улс газрын ховор металлуудыг олборлох чиглэлд хангалттай ажиллахгүй байгаа гэдгийг тэрбээр хүлээн зөвшөөрөөд “газрын ховор металл бол орчин үеийн эдийн засгийн салбаруудад маш чухал түүхий эдийн нөөц юм. Бид энэ чиглэлд одоогоор бага зүйл хийж байна. Бид илүү ихийг хийх ёстой” гэдгийг дурдлаа.
Мөн өдрийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, Владимир Зеленскийтэй ойрын хоёр долоо хоногийн дотор уулзаж, хоёр орны хооронд ашигт малтмалын гэрээ байгуулна гэж мэдэгджээ.
“Зеленский гэрээнд гарын үсэг зурахаар энэ долоо хоногт эвсэл ирэх долоо хоногт ирж магадгүй. Би түүнтэй Зууван танхимд уулзахдаа баяртай байх болно” гэж тэрбээр даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

“Стратегийн ашигт малтмал, эрчим хүч, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн талаар тусгасан Украин, АНУ-ын хооронд байгуулах гэрээ нь Киевт “эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа” олгоно гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Энэ хэлэлцээр бол Украин, Оросын хоооронд энх тайван тогтооход чиглэсэн Ерөнхийлөгч Трампын бодлогын нэг хэсэг бөгөөд украинчуудад амар амгалан амьдрах боломжийг олгоно” гэж С.Бессент хэлсэн байна.
Үүний зэрэгцээ тэрбээр уг гэрээнд АНУ-аас Украинд шууд цэргийн баталгаа олгох талаар тусгаагүй, харин АНУ тус улсын “эдийн засгийн ирээдүйд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж, улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг нь хангах албан бус баталгааг олгох” талаар заасныг онцолжээ.