Бизнес

Apple 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Өчигдөр технологийн аварга Apple компани АНУ-д ирэх 4 жилд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө зарласантай холбоотойгоор хувьцаа нь 1%-иар өсжээ.

Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн том дотоодын хөрөнгө оруулалт болж байна. 

Тус хөрөнгө оруулалтыг хиймэл оюун ухааны (AI) инженерчлэл, программ хангамжийн хөгжүүлэлт, сургалт, судалгаа зэрэгт зарцуулах бөгөөд 20,000 шинэ ажлын байр шинээр бий болгох юм. 

Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк: “Бид Америкийн инновацын ирээдүйд итгэлтэй байгаа бөгөөд АНУ дахь урт хугацааны хөрөнгө оруулалтаа өргөжүүлж байгаадаа бахархаж байна” гэжээ.

Шинэ үйлдвэрлэлийн байгууламж, AI серверүүд

  • Apple компани тус хөрөнгө оруулалтын хүрээнд Apple Intelligence хэмээх хиймэл оюун ухаант туслах системийн серверийг үйлдвэрлэх шинэ үйлдвэрийг АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод барихаар болжээ. 

Энэхүү AI серверүүд нь Private Cloud Compute хэмээх Apple-ийн аюулгүй AI үүлэн тооцооллын системийг ажиллуулах юм.

250,000 квадрат фут хэмжээтэй үйлдвэр 2026 онд ашиглалтад орсноор олон мянган ажлын байр шинээр бий болно. 

АНУ-ын үйлдвэрлэл, чип үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалт

  • Apple компани АНУ дахь Дэвшилтэт үйлдвэрлэлийн санг 10 тэрбум ам.доллар болгон 2 дахин нэмж, дотоодын үйлдвэрлэл болон чип үйлдвэрлэлийг дэмжихээр болжээ.

Энэ нь TSMC-ийн Аризон дахь Fab 21 үйлдвэрт зориулагдах ба Apple тус үйлдвэрийн хамгийн том үйлчлүүлэгч юм.

Шинэ сургалтын төв ба R&D төвүүд

  • Мөн Apple компани Детройт хотод “Үйлдвэрлэлийн академи” нээж, Мичиганы Их Сургууль зэрэг их, дээд сургуулиудтай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр ажилчдыг сургах юм байна. 

Улмаар судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) төвүүдийг АНУ даяар нээж,  захиалгат цахиур (custom silicon), AI, машин сургалтыг явуулна.  

Мэдээллийн төвүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх

  • Apple нь AI дэд бүтцээ өргөжүүлэхийн тулд Хойд Каролина, Айова, Орегон, Аризона, Невада зэрэг муж дахь мэдээллийн төвүүдийн хүчин чадлыг нэмэхээр төлөвлөжээ. 

Энэхүү томоохон хөрөнгө оруулалт нь Apple-ийг хиймэл оюун ухааны салбарт хүчирхэг өрсөлдөгч болгож, байр сууриа бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button