Спорт

“Торгоны зам-2025” авто ралли Монгол улсад зохион байгуулагдана

Авто спортын тамирчдын чансааг шалгадаг “Торгоны зам-2025” авто ралли уралдааныг долоодугаар сарын 12-22-нд буюу 10 хоногийн турш Эрхүү-Улаанбаатар-Уулын Алтай чиглэлээр зохион байгуулна. 

Тэмцээнд оролцох тамирчид эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өөрийн улсынхаа жолооны үнэмлэхтэй, “Торгоны зам-2025” авто ралли уралдаанд оролцох төрлийнхөө эрхийг авсан байна. Мотоцикль, дөрвөн дугуйт, хоёр төрлийн жийп, том оврын машин зэрэг ангиллаар болох уралдаанд тамирчид долоодугаар сарын 12-нд гараанаас гарах аж. Тэгвэл Улаан-Үд-Улаанбаатарын маршрут долоодугаар сарын 12-нд эхэлж, уралдаанд оролцогчид хоёр улсын хилээр нэвтрэх юм. 

“Торгоны зам-2025” нь Улаанбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрнө. Улмаар Уулын Алтайд далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөр уулархаг бүсэд барианд орох юм. Тамирчид нийт 5500 км зам туулахаас 2500 км асфальтан зам дээр өнгөрнө. Энэхүү раллиг Орос, Казахстан, Узбекистан гурван улсын ерөнхийлөгчийн дэмжлэгээр анх 2009 онд зохион байгуулж байжээ. Харин 2019, 2024 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ тэмцээн болж өндөрлөсөн юм.

“Торгоны зам-2019” авто раллид 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Тамирчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажиллаж байв. Тэгвэл “Торгоны зам-2024” уралдаанд 30 улсын  278 тээврийн хэрэгсэл, 752 тамирчин оролцсон түүхтэй. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button