УрлагАрга хэмжээДүрслэх урлаг

ANIMO 2026: Анимейшн, тоглоом, комиксийн ертөнц есдүгээр сарын 12–13-нд AIC Steppe Arena-д нэгдэнэ

Анимейшн, дүрслэх урлаг, тоглоом болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын уран бүтээлчид, сонирхогчдыг нэг дор цуглуулах ANIMO 2026 фестиваль есдүгээр сарын 12–13-нд AIC Steppe Arena-д болно. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Монголын Анимейшний Холбоо болон Gertoon Animation Studio ажиллаж байна.

“Let’s connect! Let’s create!” уриатай фестиваль нь Монголын уран бүтээлчид, студи, оюутан залуусыг олон улсын мэргэжилтнүүдтэй холбож, мэдлэг, туршлага солилцох боломж бүрдүүлэх зорилготой. Хоёр өдрийн турш илтгэл, хэлэлцүүлэг, бүтээлийн үзвэр, воркшоп, үзэсгэлэн, косплей болон бүтээлч уралдаанууд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ жилийн онцлох зочдын нэг нь Японы анимейшн найруулагч, аниматор Nobuyoshi Habara юм. “Fullmetal Alchemist”, “Mobile Suit Gundam SEED Freedom” зэрэг бүтээлд ажилласан түүний илтгэл есдүгээр сарын 13-ны хөтөлбөрт багтжээ. Мөн “Jaadugar: Witch in Mongolia” бүтээлийн продюсер Kazuki Endo, Nippon Designers School-ийн төлөөлөл Daisuke Nagasaka нар оролцож, туршлагаасаа хуваалцахаар байна.

Монголын уран бүтээлүүдээс Flamebros студийн “Цасхан” богино хэмжээний анимейшний үзвэр, хэлэлцүүлэг, Beer Night студийн “Carnival Hunt” тоглоом онцлох хөтөлбөрт багтсан байна. Түүнчлэн “Лоолойгийн найзууд” анимейшнтэй холбоотой хөтөлбөр, шинэ анимейшн болон комиксийн танилцуулга үзэгчдэд хүрнэ.

Фестивалийн үеэр оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай илтгэл, контент бүтээгчдийн уулзалт зохион байгуулахаас гадна косплей, комикс, арт той, богино хэмжээний анимейшн, 72 цагийн анимейшн болон тоглоом хөгжүүлэлтийн уралдаануудын хөтөлбөр өрнөнө. “Carnival Hunt Celebrity Match” тэмцээн ч энэ жилийн үзвэрүүдийн нэг байх юм.

ANIMO фестиваль анх 2024 онд зохион байгуулагдаж, Монголын анимейшний салбарын уран бүтээлчид, оюутан залуусыг нэгтгэж байв. Харин 2025 онд хүрээгээ тэлж, комикс, манга, тоглоом, дижитал урлаг, арт той зэрэг чиглэлийг хамруулан, Монголын болон олон улсын 100 гаруй уран бүтээлч, 20 гаруй студийг оролцуулжээ.

Энэ удаагийн фестиваль нь анимейшн, тоглоом, дүрслэх урлаг сонирхогчдод бүтээлүүдтэй танилцахын зэрэгцээ тэдгээрийг бүтээсэн уран бүтээлчдийн туршлагыг сонсож, бүтээлч орчинд хоёр өдрийг өнгөрүүлэх боломжийг санал болгож байна.

Хэзээ: 2026 оны есдүгээр сарын 12–13
Хаана: AIC Steppe Arena
Эхлэх цаг: Өдөр бүр 09:30
Тасалбар: 49,900 төгрөг
VIP тасалбар: 500,000 төгрөг

Холбоотой мэдээнүүд

Back to top button