AI тооцооллын хүчин чадал арилжааны шинэ хөрөнгө болж байна

Хиймэл оюун ухааны “тооцооллын хүчин чадал” буюу compute нь уламжлалт дата төвийн дэд бүтэц байхаа больж, одоо арилжаалагдах хөрөнгийн шинэ ангилал болж эхэллээ. CME Group энэ чиглэлд Silicon Data-тай хамтран хоёр төрлийн compute futures гэрээ гаргахаар зэхэж байна.
Төлөвлөгөө ёсоор уг фьючерсүүдийг аравдугаар сарын 5-нд нэвтрүүлэхээр зорьж байгаа ч зохицуулагч байгууллагын зөвшөөрөл шаардлагатай хэвээр байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид AI сургалт, өндөр гүйцэтгэлтэй тооцооллын эрэлттэй шууд уялдсан зах зээлд анх удаа илүү тогтмол, стандартчилсан арилжааны хэрэгслээр оролцох боломжтой болж байна.
Сүүлийн жилүүдэд AI-ийн өсөлт GPU, сервер, цахилгаан эрчим хүч, дата төвийн багтаамжийн эрэлтийг огцом нэмэгдүүлсэн. Ийм нөхцөлд тооцооллын хүчин чадал өөрөө үнэ цэнтэй, эрсдэлийн менежмент хийх боломжтой зах зээлийн нэгж болж хувирч байгаа нь технологийн салбар төдийгүй санхүүгийн зах зээлд шинэ үе эхэлж буйг харуулж байна.



