David Beckham-ийн хүү гэр бүлийн маргаан, эцэг эхийнхээ талаар анх удаа ил тод мэдэгдэл хийв

Brooklyn Beckham Instagram Stories-оороо дамжуулан эцэг эх болох David Beckham болон Victoria Beckhamнарыг өөрийг нь болон эхнэр Nicola Peltz-ийг хэвлэл мэдээллээр дамжуулан удаа дараа “довтолсон”, харилцааг нь сүйтгэхийг оролдсон хэмээн илчиллээ.
Тэрээр олон жилийн турш дуугүй байж, асуудлыг хувийн хүрээнд хадгалахыг хичээсэн ч эцэг эхийнх нь зүгээс хэвлэлд худал мэдээлэл тараасаар байсан тул үнэнийг өөрөө ярихаас өөр аргагүй болсон гэжээ. Brooklyn мөн гэр бүлтэйгээ эвлэрэх бодолгүй байгаагаа ил тод илэрхийлсэн байна.
Түүний мэдэгдсэнээр хуримын өмнөхөн Victoria Beckham Nicola-ийн хуримын даашинзыг хийхээс гэнэт татгалзаж, түүнийг яаралтай өөр хувцас хайхад хүргэсэн аж. Мөн эцэг эх нь түүнийг өөрийн нэрийн эрхээс татгалзах гэрээнд гарын үсэг зуруулахыг удаа дараа шахаж, татгалзсаны дараа харьцаа нь эрс өөрчлөгдсөн гэжээ.
Brooklyn хуримын үеэр ээж нь анхны бүжгийг нь булаан авч, олон зочдын өмнө өөртэй нь зохисгүй бүжиглэсэн нь түүнийг гүнээ эвгүйцүүлж, доромжлол мэт санагдсан хэмээн дурдсан байна. Үүнээс гадна Nicola-г “цус нэгтэй биш, гэр бүлийн хүн биш” хэмээн хэлж байсан гэх ноцтой мэдэгдэл ч багтжээ.
Тэрээр “Brand Beckham” буюу нэр хүнд, сурталчилгаа нь гэр бүлийн харилцаанаас илүү чухалд тооцогддог болсон гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Nicola өөрийг нь удирддаг гэх яриаг няцааж, харин ч анх удаа өөрийнхөө төлөө зогсож, сэтгэлзүйн дарамтаас ангижирсан гэж мэдэгдсэн байна.
Одоогоор David болон Victoria Beckham нар уг мэдэгдлүүдэд албан ёсны тайлбар хийгээгүй байна.



