СпортТэмцээн уралдаан

Монгол Улсаас Милан–Кортина 2026 өвлийн олимпод гурван тамирчин оролцоно

Италийн Милан Кортина 2026 өвлийн олимпын XXV наадамд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор боллоо. Ингэснээр Монголын өвлийн олимпын баг тамирчдын тоо өмнөх олимпоос нэмэгдэж, түүхэн ахиц гарч байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам 2026 оны нэгдүгээр сарын 8-нд Монголын цанын Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид болон холбогдох байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, олимпын эрхээ авсан баг тамирчдад баяр хүргэлээ.

Олимпод оролцох Монголын тамирчид

  • Гүйлтийн цана:
    • Б.Ачбадрах (эрэгтэй)
    • Э.Ариунтунгалаг (эмэгтэй)
  • Уулын цана:
    • А.Ариунбат (эрэгтэй)

Энэ удаагийн онцлох үйл явдал нь Монголын тамирчин уулын цанын төрлөөр өвлийн олимпод анх удаа оролцох гэж буй явдал юм. Сайд Ч.Ундрам сүүлийн таван өвлийн олимпод Монгол Улсаас дунджаар хоёр тамирчин оролцож ирснийг онцолж, төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгч байгааг тэмдэглэв.

Тамирчдын бэлтгэл, санхүүжилт

Цанын шигшээ багийн тамирчдыг Үндэсний шигшээ багаас цалинжуулж, бэлтгэл сургалт болон гадаадын тэмцээнд оролцох зардлыг бүрэн хариуцан ажиллаж байгаа бөгөөд олимпын наадмын зардал, ёслол болон спортын үйл ажиллагаанд өмсөх хувцсыг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-оор дамжуулан санхүүжүүлж байна.

Олон улсын цанын бааз байгуулах санаачилга

Монголын цанын холбооноос Төв аймгийн Борнуур суманд олон улсын стандартад нийцсэн цанын баазбайгуулах санал дэвшүүлээд байна. Тус баазын замыг Олон улсын цанын холбооны эксперт Н.Ватанабе 2025 онд шалган, олон улсын цанын замын эрх олгосон бөгөөд эхний хөрөнгө оруулалтыг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөжээ. Засгийн газрын зүгээс уг төслийг улсын төсөв, төр-хувийн хэвшлийн түншлэл, татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмжихээ илэрхийлсэн байна.

Үдэн гаргах ёслол, Европын бэлтгэл

Монголын баг тамирчдыг өвлийн олимпод үдэн гаргах ёслолыг 2026 оны 1 дүгээр сарын 12-нд МҮОХ-ны ёслолын танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин тамирчид 1 дүгээр сарын 14-нөөс Европ тивийг зорьж, дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ олимпын тэмцээн болох газарт бэлтгэлээ ханган, уур амьсгал, цагийн зөрүүнд дасан зохицох юм.

Өвлийн Олимпын XXV наадам 2026 оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдана.

Холбоотой мэдээнүүд

Back to top button