Майкл Жорданы 1992-1993 оны өмсгөл $2.6 саяар зарагджээ
Алдарт сагсан бөмбөгчин Майкл Жорданы 1992-1993 оны улиралд өмсөж байсан “Чикаго Буллз” багийн өмсгөл дуудлага худалдаагаар $2.6 саяар зарагджээ.

“Sports Illustrated” сэтгүүлийн 1993 оны аравдугаар сарын 18-нд гаргасан дугаарын нүүр хуудсыг “чимсэн” уг өмсгөл фото зурагт шинжилгээ хийдэг “MeiGray” болон “Sports Investors Authentication”-ий баталснаар “Буллз” багийн эхний гурав дараалан аваргалсан аль ч улирлынхтай таардаг цор ганц хувилбар аж.
1992-1993 он бол Майкл Жордан болон “Буллз” багийн түүхэнд тодоор үлдсэн улирал. Жордан дундаж оноо авалтаар долоон улирал дараалан тэргүүлснээр алдарт Уилт Чемберлэний дээд амжилтыг давтсан юм. Харин баг нь анхны “three-peat” буюу гурав дараалан түрүүлж байв.
Шигшээ цувралын зургаан тоглолтод Майкл 41 оноо дундажласан амжилтаар рекорд тогтоосон билээ.
Түүний өмсгөл дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнэ $10 сая. Тодруулбал 1998 оны шигшээ цувралд өмссөн “Last Dance” тодотголтой өмсгөл 2022 оны есдүгээр сарын дуудлага худалдаагаар ийм үнэ хүрч, рекорд тогтоож байв.