Технологи

Apple Music өдөр бүр шинэчлэгддэг “Viral Chart” жагсаалтыг танилцууллаа

Apple компани өөрийн хөгжмийн платформ болох Apple Music-д “Viral Chart” нэртэй шинэ төрөл нэмснээ зарлалаа. Энэхүү жагсаалт нь Shazam аппликейшн дээр үндэслэн өдөр бүр шинэчлэгддэг ба дэлхий даяар болон бүс нутгуудад хамгийн хурдан тархаж, хэрэглэгчдийн анхаарлыг татаж буй 50 дууг багтаадаг.

“Viral Chart”-ийн онцлог нь тухайн дууны Shazam дээрх хайлтын тоо, өсөлтийн хандлага зэргээс хамаарч өдөр бүр шинэчлэгддэгт оршино. Тиймээс хэрэглэгчид тухайн үед “тэсрэлт” хийж буй дуунуудыг цаг алдалгүй мэдэж, сонсох боломжтой болж байна.

Apple-ийн зүгээс энэ жагсаалтыг Shazam-ийн өгөгдөлд суурилан бэлтгэж байгаа бөгөөд Shazam.com сайтаар дамжуулан улс орон бүрийн viral жагсаалтыг ч харах боломжтой болжээ.

Тус жагсаалтад одоогийн байдлаар Moliy-ийн “Shake It To The Max (FLY) [Remix]”, Starship хамтлагийн “Nothing’s Gonna Stop Us Now”, The Pointer Sisters-ийн “Hot Together” зэрэг дуу дээгүүрт бичигдэж байна. Монголын хэрэглэгчдийн хувьд JENNIE-ийн “like JENNIE”, Playboi Carti-ийн “EVIL J0RDAN”, Kendrick Lamar ба SZA-ийн хамтарсан “luther” зэрэг дуу Apple Music Mongolia чартыг тэргүүлж байна.

Apple Music-ийн энэ шинэчлэл нь хөгжмийн трендийг илүү бодитоор илтгэж, хэрэглэгчдэд хамгийн шинэлэг, сонирхол татсан дууг олж сонсох шинэ гарцыг нээж өгч байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button