Кино урлагийн академи хиймэл оюун ухаан ашиглахыг зөвшөөрлөө
Кино урлагийн академи буюу The Academy of Motion Picture Arts and Sciences санал хураалт болон сурталчилгааны журамд хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой шинэ заалт нэмэгджээ.

Кино урлагийн академи хиймэл оюун ухааны оролцоотой бүтээлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, AI болон бусад дижитал хэрэгслүүд нь киноны нэр дэвших боломжид “аль ч талаараа нөлөөлөхгүй” гэж тусгасан байна. Гэвч хүний оролцоо их байх тусам өндрөөр үнэлэгдэх боломж нэмэгдэх аж.
“Кино урлагийн академи тухайн бүтээлд хүний бүтээлч оролцоо хэр их хэмжээнд байсныг харгалзан үзэж, аль бүтээлд шагнал олгохоо шийднэ” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн, гишүүд саналаа өгөхийн өмнө тухайн төрөлд нэр дэвшсэн бүх киног заавал үзсэн байх ёстой гэх шинэ журам батлагджээ. Хэдий энэ заалт албадан хэрэгжихгүй ч гишүүд саналын хуудсан дээр үзсэн гэдгээ баталгаажуулах шаардлагатай болсон байна.
Хиймэл оюуныг кино урлагт нэвтэрч байгааг Кино урлагийн академи ийнхүү хүлээн зөвшөөрч буй нь чухал өөрчлөлт болоод буй. Энэ жилийн хоёрдугаар сард болсон Оскарын ёслолын өмнө “The Brutalist” хэмээх 10 төрөлд нэр дэвшсэн кино хиймэл оюуны тусламжтайгаар Унгар аялгыг сайжруулсан нь олон нийтийн анхаарлыг татсан. Үзэгчдийн зарим нь уг аргыг зөвтгөсөн бол зарим нь ёс зүйгүй хэмээн үзсэн юм.
“Emilia Pérez” болон “Dune: Part Two” зэрэг бусад нэр дэвшигч бүтээл ч мөн хиймэл оюун ашигласан байна.