Өмнөд Солонгост “шингэн” робот бүтээжээ
Өмнөд Солонгосын эрдэмтэд бусад орны мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран шингэн материалын шинж чанарыг ашиглан шинэ үеийн уян робот бүтээжээ. Уг робот нь төмөр саадыг нэвтэлж, бусад роботтой нэгдэж, усан дээр ч хөдөлгөөн хийх чадвартай юм.

Биологийн эд эсүүд нь хэлбэрээ өөрчлөх, чөлөөтэй хуваагдах, нэгдэх, бусад бодисыг шингээх чадвартай байдаг. Эдгээр онцлогийг эрдэмтэд роботуудад нэвтрүүлэхийг оролдсоор иржээ. Гэвч уламжлалт хатуу роботууд нь хангалттай уян болж чадахгүй байв.
Иймээс шинэ судалгааны хүрээнд эрдэмтэд шингэн робот бүтээжээ. Энэ робот нь механик гэмтлээс хамгаалагдсанаас гадна гидрофоб буюу усыг шингээж авдаггүй материал ашигласан байна.
Энэхүү загварыг бүтээхдээ шингэний уян хатан чанар ба хатуу биетийн гадны хүчний нөлөөг тэсвэрлэх чанарыг хослуулжээ. Уг робот нь хэт их даралтыг тэсвэрлэдэг, хүчтэй цохих, унагах үед хэлбэрээ алдах боловч анхны хэлбэртээ эргээд ордог ажээ.
Ийм робот нарийхан орон зай дундуур нэвтрэх, мөн эд зүйлсийг барьж авч, зөөвөрлөх чадвартай болохыг туршилт харуулжээ. Мөн усны гадаргуу дээр ч, хатуу хөрсөн дээр ч чөлөөтэй хөдөлдөг байна.
Роботын хөдөлгөөнийг хэт авианы долгионоор удирддаг ажээ. Уг загварыг эрүүл мэндийн салбарт, жишээлбэл, эмийг тодорхой байршилд хүргэх зорилгоор, мөн байгалийн гамшгийн бүсүүдэд эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглах боломжтой. Цаашид эрдэмтэд энэхүү роботыг улам боловсронгуй болгосноор гүйцэтгэх үүргийн хүрээг нь тэлэхээр төлөвлөж байна гэж “Science Advances” сэтгүүлд бичжээ.