Хятадын AI чип үйлдвэрлэгч Enflame IPO дээр 206%-иар өсөв

Хиймэл оюуны чипийн эрэлт өндөр хэвээр байгаа нь Хятадын Enflame компанийн хөрөнгийн зах зээлийн дебютийг онцгой болголоо. Nvidia-гийн өрсөлдөгчөөр нэрлэгддэг тус компани Шанхайн биржид анх удаа арилжаалагдахдаа хувьцааныхаа үнийг 206 хувиар өсгөж, зах зээлийн анхаарлыг шууд татав.
Enflame нь Хятадын “дөрвөн бяцхан луу”-ны нэг гэж тооцогддог бөгөөд AI тооцооллын дэд бүтэц, өндөр хүчин чадалтай чипийн зах зээлд байр сууриа тэлэхийг зорьж байна. Хиймэл оюун ухааны хэрэглээ дата төв, үүлэн үйлчилгээ, бизнесийн программ хангамжид эрчимтэй нэмэгдэж буй энэ үед ийнхүү хүчтэй эхлэл тавьсан нь хөрөнгө оруулагчдын AI салбартай холбоотой хүлээлт ямар өндөр байгааг харууллаа.
Сүүлийн саруудад AI чипийн зах зээлд өрсөлдөөн ширүүсч, дотоодын үйлдвэрлэгчид гадаадын том тоглогчдын ноёрхлыг сөрөхөөр эрчимтэй хөрөнгө оруулалт хийж байна. Enflame-ийн огцом өсөлт нь зөвхөн нэг компанийн амжилт бус, Хятадын AI хагас дамжуулагчийн салбарт итгэл нэмэгдэж буйн дохио гэж үзэж байна.



