Only fans TikTok-ийг худалдаж авах санал гаргажээ
OnlyFans-ийн үүсгэн байгуулагч Тим Стокли болон бизнес эрхлэгч RJ Филлипс нар энэ лхагва гарагт TikTok-ийг худалдан авах хүсэлт гаргасан. Энэ саналыг “Zoop” гэх стартап компани болон Hbar Foundation-той хамтран гаргасан юм. OnlyFans-ийн амжилтаас улбаалан тэд TikTok-ийн санхүүгийн загварт өөрчлөлт оруулж, контент бүтээгчдэд илүү шууд орлого олох боломжийг бий болгохоор төлөвлөж байна. OnlyFans нь насанд хүрэгчдийн платформ учраас TikTok-ийн бодлого, чиглэлд хэрхэн нийцэх нь эргэлзээтэй. Мөн TikTok-ыг худалдаж авахад асар их хөрөнгө шаардлагатай бөгөөд тэдний санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байгаа юм.

Түүнчлэн, Өмнө нь TikTok-ийн АНУ дахь өгөгдөл хадгалах үйлчилгээг хариуцаж байсан Oracle компани болон сурталчилгааны технологид голлон ажилладаг AppLovin TikTok-ийг худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Одоогоор уг платформыг худалдан авахаар санал болгосон хамгийн өндөр үнийн дүн 50 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь ByteDance-ийн хөрөнгө оруулагчид болох Sequoia болон General Atlantic нарын санал юм.
АНУ-ын эрх баригчид TikTok-ийн асуудлыг 4 сарын 5-нд эцэслэн шийдвэрлэхийг зорьж буй. Гэсэн хэдий ч TikTok-ийг худалдах асуудал нь зөвхөн бизнесийн гэрээ хэлцлийн түвшинд бус, дэлхийн геополитикийн томоохон сэдэв болсон тул цааш хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна.