Бизнес

Түүхэн дэх хамгийн том криптовалютын хулгайг Умард Солонгос хакерууд хийжээ

Өнгөрөгч Баасан гарагт дэлхийн хоёр дахь том крипто арилжааны бирж болох 40 сая гаруй харилцагчтай Bybit кибер халдлагад өртөж, улмаар $1.5 тэрбумтай тэнцэх хэмжээний дижитал хөрөнгөө алдсан юм.

Энэ хулгайг нэг удаагийн үйлдлээр хамгийн их хэмжээний дижитал хөрөнгө алдсан тохиолдол гэж үзэж байгаа. Тэгвэл энэхүү халдлагын цаана Умард Солонгосын хакерууд байсныг мэргэжилтнүүд тогтоожээ.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд хакерууд хулгайлсан криптовалютынхаа $160 сая орчмыг Умард Солонгостой холбоотой данснуудад шилжүүлснийг TRM Labs компанийн мэргэжилтнүүд тогтоосон байна.

Умард Солонгосын асар том хакерын арми нь тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг гол санхүүжүүлэгч болдог гэж АНУ болон Өмнөд Солонгосын албаныхан үздэг. Тухайлбал Умард Солонгосын дэглэмийн пуужингийн төслийн санхүүжилтийн талыг ийм дижитал хулгайгаар бүрдүүлснийг Цагаан ордны эх сурвалж 2023 онд мэдээлж байжээ.

Bybit компанийн гүйцэтгэх захирал Бэн Жоу компани нь алдагдлаа нөхөх санхүүгийн чадвартай болохыг харилцагчдадаа мэдэгдээд байгаа. Одоогоор АНУ-ын мөрдөгчид хулгайлагдсан $1.5 тэрбумын тодорхой хэсгийг буцаан олж авахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button