Life

SM Entertainment уран бүтээлчдээ онилсон сөрөг сэтгэгдэлд хатуу арга хэмжээ авна

Soompi-гийн мэдээлснээр SM Entertainment уран бүтээлчдээ онилсон гүтгэлэг, доромжлол, бэлгийн дарамтын шинжтэй бичлэг, сэтгэгдлийн эсрэг хууль ёсны арга хэмжээгээ эрчимжүүлж буйгаа мэдэгдлээ. Тус агентлаг олон улсын болон дотоодын платформ дээрх зөрчилд ижил хатуу байр суурьтай хандаж байгаагаа онцолсон байна.

SM Entertainment-ийн мэдээлснээр YouTube, Instagram, TikTok, X зэрэг платформ дээр уран бүтээлчдийг доромжилсон, ташаа дүр төрх түгээсэн контент үргэлжилсээр байгаа аж. Үүний эсрэг сүүлийн ойролцоогоор гурван сарын хугацаанд нотлох баримт цуглуулж, “cyber wrecker” гэж нэрлэдэг сувгууд болон бэлгийн дарамттай, хувийн шинжтэй дайралт бүхий Shorts бичлэг, сэтгэгдэл нийтэлсэн аккаунтуудыг тогтоожээ.

Агентлаг Shin & Kim LLC болон АНУ-д байрлах хуулийн фирмтэй хамтран АНУ-ын шүүхээр discovery ажиллагаа явуулж, эдгээр аккаунтын ард байгаа этгээдүүдийг тогтоохоор ажиллаж байна. Мөн зарим X аккаунтын эсрэг ижил ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тус агентлаг зөвхөн нийтэлсэн аккаунт төдийгүй сэтгэгдэл үлдээсэн хэрэглэгчдэд ч хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв.

SM Entertainment дотоодын платформуудыг мөн хяналтдаа байлгаж, худал мэдээлэл түгээсэн болон доромж үг хэрэглэсэн этгээдүүдийн эсрэг гомдол гаргасан гэжээ. Түүнчлэн өмнө мэдээлж байсан зарим тохиолдолд шүүхийн анхан шатанд ял шийтгэл оногдсон бөгөөд давж заалдах шат үргэлжилж байгааг дурдсан байна. Агентлаг “KWANGYA 119”-өөр ирсэн мэдээллүүдийн дагуу ч үргэлжлүүлэн арга хэмжээ авч, устгасан пост, хаагдсан аккаунтууд ч хариуцлагаас мултрахгүй гэдгийг онцолжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button