Life

Хүн амын хамгийн чинээлэг 10 хувь дэлхийн дулаарлын гуравны хоёрыг үүсгэсэн

Дэлхийн хүн амын хамгийн баян 10 хувийн үйл ажиллагаа 1990 оноос хойших уур амьсгалын өөрчлөлтийн гуравны хоёрыг үүсгэсэн гэх дүгнэлтийг судлаачид гаргажээ.

Хувь хүмүүсийн хөрөнгийн хэмжээг уур амьсгалын өөрчлөлттэй анх удаа холбосон гэх энэхүү судалгааны тайлан “Nature Climate Change” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

“Бид хамгийн чинээлэг хүмүүсийн үүсгэсэн нүүрстөрөгчийн ул мөрийг дэлхийн цаг уурын бодит өөрчлөлттэй шууд холболоо. Энэ бол нүүрстөрөгчийн тооцооллоос уур амьсгалын хариуцлага руу шилжих үйл явц юм” гэж ETH Zurich их сургуулийн судлаач Сара Шоенгарт ярьжээ.

Түүний удирдсан судлаачдын баг дэлхийн хүн амын чинээлэг нэг хувь нь дундажтай харьцуулахад зуунд нэг тохиох агаарын халалтад 26 дахин, Амазоны сав газрын ган гачигт 17 дахин их нөлөөлснийг тогтоосон гэнэ.

Дэлхийн нийт хүлэмжийн хийн үйлдвэрлэлийн бараг талыг хамтдаа бүрдүүлдэг АНУ, Хятад улсуудын иргэдийн хамгийн баян 10 хувь агаарын хэт халалт үүсэхэд тус бүрдээ 2-3 дахин их нөлөөлсөн байна.

“Хэрвээ хүн бүр дэлхийн хүн амын ядуу 50 хувьтай тэнцэх хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг бол 1990 оноос хойших уур амьсгалын өөрчлөлт хамгийн бага түвшинд байх байжээ. Энэ тэнцвэргүй байдлыг арилгах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга юм” гэж судлаачдын нэг Карл-Фридрих Шлейснер хэлжээ.

Тэд чинээлэг хүн амын хэсгийн нөлөөг тооцоолохдоо зөвхөн хувийн амьдрал, хэрэглээг нь биш, бас хөрөнгө оруулалтынх нь нөлөөг тооцсон юм байна. Тиймээс чинээлэг хэсгийн татварыг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалтыг нь урамшуулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай гэж тэд дүгнэжээ.

Oxfam судалгааны байгууллагын тайланд өгүүлснээр дэлхийн хүн амын хамгийн чинээлэг нэг хувь сүүлийн арван жилийн турш нийтдээ $42 их наядаар хөрөнгөө арвижуулсан байна.

Тэдний нийлбэр хөрөнгийн хэмжээ дэлхийн хүн амын ядуу 95 хувийн хөрөнгийг нийлүүлснээс давдаг ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button