Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн ойн өдөр
Сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй Монгол-Зөвлөлтийн хамтарсан баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22:59 минутад хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-нд 19:42 минутад эх дэлхийдээ амжилттай газардсан. Нисэх багийнхан сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, энэ хугацаандаа дэлхийг 124 удаа тойрчээ.
Союуз-39 нислэг нь тухайн үеийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Интеркосмос сансрын хөтөлбөрийн 15 дахь экспедиц байсан бөгөөд дахь олон улсын экипажийг тойрог замд байрлах Салют 6 сансрын станцад тээвэрлэх нислэг байсан юм.
Энэхүү даалгаварт Монголын оролцоо нь 1967 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Базарын Ширэндэв Москва хотноо болсон социалист орнуудын эрдэмтдийн бага хуралд оролцож, Интеркосмос төслийг анх зарлаж байсан үеэс эхэлсэн. Интеркосмос хөтөлбөр нь 1967 онд анхны нисгэгчгүй сансрын хөлгийг хөөргөсөн бол 1978 онд сансрын нисгэгчтэй нислэгээ эхлүүлж 1991 онд хамгийн сүүлийн сансрын нисгэгчтэй нислэгээ хийн өндөрлөсөн байдаг.
Союуз-39 нислэгийн багийнхан сансарт Дэлхийн шинжлэх ухааны хэд хэдэн туршилтуудыг явуулсан бөгөөд ялангуяа сансраас Монголыг судлах ажил нилээдгүй хийгджээ. Эдгээр туршилтуудын нэг болох Биосфер-Мон туршилт нь Монгол улсын нийгэм эдийн засагт ихээхэн ач холбогдолтой туршилт байсан. Энэхүү туршилтын зорилго нь “Салют 6” хөлөг дээр суурилуулсан тусгай багаж хэрэгслээр дэлхийн гадарга дээрх янз бүрийн объектуудыг судлах явдал байсан бөгөөд багийнхан геологи, хөдөө аж ахуй, мөстлөг судлал, ландшафтын судлал, цаг уурын чиглэлээр Монгол Улсын нутаг дэвсгэрт 14 удаагийн ажиглалтын даалгавар гүйцэтгэжээ.
Мөн түүнчлэн Зөвлөлт болон Монголын эрдэмтдийн хамтран бүтээсэн тоног төхөөрөмжийг ашиглан, багийнхан анх удаа сансрын цогцолборт анхдагч сансрын цацрагийг судлах туршилтыг хийжээ. Сансрын тоосонцорыг командын модуль болон түгжих камерт суурилуулсан диэлектрик детектороор бүртгэсэн байна. Эдгээр бичлэгүүд нь хожим мэргэжилтнүүдэд сансрын атомын цөмийн цэнэг болон энергийн түвшинг тодорхойлох боломжийг олгосон юм.
Зөвлөлт-Монголын багийнхан шинжлэх ухааны хөтөлбөрөө бүрэн гүйцэд биелүүлж 25 туршилт сансарт амжилттай хийжээ. Цогцоор нь тэдгээр туршилтуудыг “Эрдэм” гэж нэрлэсэн байдаг. Тэдний ажил Монгол улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглал хийхэд болон тэдгээрийн бүтээмжийг урьдчилан тогтооход чухал ач холбогдолтой болсон байна. Мөн анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрийн цэнгэг усны нөөцийг данслах зорилгоор Монголын уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч, судалгаа явуулсан байдаг.
Сансрын нислэгийн багийн бүрэлдэхүүн
- Зөвлөлт Холбоот Улс — Владимир Жанибеков (командлагч)
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс — Жүгдэрдэмидийн Гүррагчаа
Сансрын нислэгийн нөөц багийн бүрэлдэхүүн
- Зөвлөлт Холбоот Улс — Владимир Ляхов
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс — Майдаржавын Ганзориг




















- 1 – Залгагч нэгжийн чиглүүлэгч
- 2 – Залгагч нэгжийн тасалгаа
- 3 – Нисгэгч нарын бүхээг
- 4 – Антен
- 5 -Сандал
- 6 – Газардах төхөөрөмж
- 7 – Бэхэлгээ
- 8 – Багажны тасалгаа
- 9 – Агрегатын тасалгаа
- 10 – Хэрэглэлийн тасалгаа
- 11 – Тормос хөдөлгүүр
- 12 – Хайх, ойртох антен
- 13 – Дулааны хяналтын систем радиатор
- 14 – Хэт улаан туяаны босоо мэдрэгч
- 15 – Эвхэгддэг нарны цэнэг хураагуур
- 16 – Харааны төхөөрөмж
- 17 – Гарах хаалга
- 18 – Бариул

