“Стрессээс үүдэн их идэх” гэх ойлголт нь ташаа болохыг судлаачид анхаарууллаа

“Stress eating” буюу “стрессээс үүдэн идэх” гэдэг ойлголт нь телевизийн шоу, кино болон сошиал медиагаас үүдэлтэй буруу ойлголт аж.
Нийгмийн сэтгэлзүйн дарамт болон стресс нэмэгдэж буй энэ үед бид стрессээ тайлахын тулд ихэвчлэн чихэрлэг амттан, амттай хоол идэхийг илүүд үздэг. Гэхдээ стресс бидний хооллох зуршилд хэрхэн нөлөөлдөг талаарх бидний ойлголт төдийлөн үнэн биш болохыг сэтгэл судлаачид анхааруулж байна.
“Stress eating” буюу “стрессээс үүдэн идэх” гэдэг ойлголт нь телевизийн шоу, кино болон сошиал медиагаас үүдэлтэй буруу ойлголт болохыг Массачусетс мужийн МакЛин эмнэлгийн сэтгэл зүйч, Харвардын Анагаахын сургуулийн туслах профессор Кристин Жаварас онцоллоо.
“Та үнэндээ илүү идээгүй ч сэтгэлзүйн дарамтад орсон үедээ илүү их идсэн мэт санагддаг. Энэ нь таны тухайн үеийн мэдрэмж, бодит байдлын зөрүүтэй холбоотой” хэмээн тэрбээр дурдлаа.
Хүмүүсийн сэтгэл зүйн байдал тогтворгүй үеийн санах ой болон бодит байдал хоёр хоорондоо зөрдөг байна. Жишээлбэл, хүмүүс стресстэй үедээ зайрмаг идсэнээ санадаг ч, ажил ихтэй завгүй үедээ өдрийн хоол идэлгүй өнгөрөөснөө мартсан байдаг.
Хурц стрессийн үед олон хүн хооллох хүсэлгүй болдог бол харин удаан хугацааны (архаг) стресс нь бие махбодод кортизол дааврыг нэмэгдүүлж, хоолны дуршил нэмэгдүүлж, өөх хуримтлагдах нөхцөл бүрдүүлдэг гэж Умард Каролинагийн “True You Weight Loss” төвийн эмч Кристофер МакГован тайлбарлалаа.