"MrBeast"-ын дархан эрх олны дургүйцлийг төрүүлэв

Дэлхий дахинд “MrBeast” нэрээрээ танигдсан влоггер Жимми Доналдсон Мексик дахь археологийн дурсгалт газруудаар аялснаар ээлжит шуугианаа тариад байна.”YouTube”-ийн хаан титмийн эзэн тэрбээр тавдугаар сарын 10-ны өдөр Мексикийн Юкатан хотын археологийн чухал дурсгал болох Чичен Ицагаар аялсан бичлэгээ нийтэлжээ. Тэр дундаа орчин үеийн дэлхийн долоон гайхамшгийн нэг Кукулкан сүм буюу Эль Кастиллогоор аялсан байв. Мөн Кампече муж дахь Калакмул болон Юкатан дахь Баламканчегийн археологийн дурсгалт газруудаар зочилжээ.
Тавдугаар сарын 14-ний Лхагва гаригийн үдээс хойш нийтлэгдсэн бичлэгийг 55 сая гаруй хүн үзжээ. Гэвч түүний зочилсон газруудын зарим нь олон нийтэд хаалттай байдаг. Тэрбээр бичлэгийнхээ үеэр “Засгийн газар бидэнд ийм зөвшөөрөл олгосонд итгэж чадахгүй нь ээ. Үнэхээр галзуу байна. Археологичид хүртэл ийшээ нэвтрэх хориотой байдаг шүү дээ” гэжээ.
Түүний бичлэг хэл ам дагуулсан тул Мексикийн засгийн газрын Соёлын яамны харьяа агентлаг Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгээс тайлбар өгсөн байна. Тэдний мэдээлснээр “MrBeast” албан ёсоор хүсэлт гаргаж байж соёлын дурсгалт газруудад очиж, бичлэг хийсэн гэжээ. Гэхдээ хүсэлтийг “MrBeast” өөрийн биеэр биш, харин Холбооны аялал жуулчлалын яам болон Юкатан, Кампечегийн засгийн газрууд гаргасан гэлээ.
Археологийн дурсгалт газарт дархан эрхээр нэвтрээд зогсохгүй дроноор бичлэг хийсэн, нисдэг тэрэг хөлөглөн очсон зэрэг асуудал ч үүссэн. Энэ талаар Үндэсний антропологи, түүхийн хүрээлэнгээс тайлбар өгөхдөө “Дроны бичлэгийг байгууламжийн гадна талд хийсэн. Харин нисдэг тэргээр археологийн дурсгалт бүсэд нэвтэрсэн зүйл огт байхгүй. Тэдгээр нь хуурамч, засварласан дүрс бичлэгүүд байсан” гэжээ.