Life

Европын хамгийн хүчирхэг арми бий болгохоо ХБНГУ-ын Канцлер амлалаа

ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц ОХУ-ын өсөн нэмэгдэж буй түрэмгийллийг сөрөхийн тулд улсынхаа зэвсэгт хүчнийг Европын хамгийн хүчирхэг байнгын арми болгож өргөжүүлэх нь Засгийн газрынх нь гол зорилт болохыг мэдэгдлээ.

“Эрх баригч эвсэл Бундесверийг санхүүгийн шаардлагатай бүхий л нөөц бололцоогоор хангах болно. Европын хамгийн их хүн амтай, эдийн засгаар тэргүүлэгч улсын хувьд энэ нь тохиромжтой алхам” хэмээн тэрбээр лхагва гарагт Парламентын чуулганд анх удаа үг хэлэхдээ онцолжээ. Мөн “Манай нөхөд, түншүүд биднээс үүнийг л хүсэж байгаа. Үндсэндээ шаардаж байгаа гэхэд болно” хэмээн нэмж тодотгосон байна.

Энэ хүрээнд цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэхийн тулд Герман улс сайн дураар алба хаах шинэ бөгөөд илүү таатай тогтолцоог бүтээж, улсынхаа аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээхэд нь залуусыг урамшуулдаг болохыг Фридрих Мерц хууль тогтоогчдод хэлж байлаа.

Сүүлийн сонгуулиар Германы засгийн эрхийг барих болсон баруун төвийн CDU/CSU, зүүн төвийн Социал Демократ намын эвсэл өдгөө тэргүүн зэрэглэлийн зорилтуудаа тодорхойлж буй. Олон жилийн турш Бундесверт хөрөнгө оруулалт хангалтгүй байсаар ирснийг дуусгавар болгох тухай асуудал шинэ Засгийн газар байгуулагдахаас өмнө хүчтэй яригдаж байсан юм.  

ХБНГУ-ын Засгийн газрын боловсруулж буй төсвийн төлөвлөгөөгөөр Батлан хамгаалахын сайд Борис Писториуст энэ онд болон ирэх жилүүдэд 60 тэрбум гаруй евро хуваарилагдахаар байгааг ойрын эх сурвалж мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны батлан хамгаалахын төсвөөс нь 15 гаруй хувиар өссөн дүн болох юм. Хамгийн багадаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулах NATO-ийн зорилтод хүрэхийн тулд тус улсын Засгийн газар өмнөх Канцлер Олаф Шольцын бонд гаргаж босгосон 20 тэрбум гаруй еврогийн санхүүжилт нэмж төсөвлөх аж.

ХБНГУ-ын арми эд хөрөнгийн хомсдолоос гадна цэргийн алба хаагчдын дутагдлаа яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа. Одоогоор 260 мянга гаруй алба хаагчтай Бундесвер бүрэн бүрэлдэхүүнтэй зэвсэгт хүчин болохын тулд багадаа 100 мянган цэрэг нэмж татах шаардлагатайг Бундесверийн дарга, армийн генерал Карстен Брюер өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button