Life

Тураах эм хэрэглэхээ зогсоосноос жилийн дотор анхны жиндээ очиж байгааг судалгаа харуулжээ

зураг

Тураах эм тариа хэрэглэхээ зогсоосноос хойш нэг жилийн дотор хүмүүс алдсан бүх жингээ буцаан сэргээдэг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Тухайлбал GLP-1 ангиллын шинэ болон хуучин тураах эм бэлдмэлийг хэрэглэсэн хүмүүс ихэнхдээ 8 кг жин хасдаг ч хэрэглэхээ зогсоосны дараа 10 сарын хугацаанд анхны жиндээ буцаж байгааг Оксфордын их сургуулийн судлаачид тогтоосон байна.

Үүнд Wegovy, Mounjaro зэрэг сүүлийн үеийн өндөр тунтай тураах тарилгууд ч бас багтаж байгаа юм.

Семаглютид (Wegovy), тирзепатид (Mounjaro) зэрэг нь хуучин эмүүдтэй харьцуулахад хоёр дахин их жин хасдаг ч хэрэглэхээ зогсоосноос хойш 20 сарын дотор алдсан бүх жингээ сэргээж байгаа нь ажиглагдсан байна.

Судлаачид тураах эм бэлдмэл хэрэглэдэг 6,370 насанд хүрэгчийг санамсаргүй байдлаар сонгож ажиглажээ. Тэдгээрийн 1,465 нь семаглютид болон тирзепатид хэрэглэсэн байна.

Өмнөх судалгаануудад хоолны дэглэмээр турсан хүмүүс ердийн хооллолтод шилжсэнээсээ хойш хамгийн богинодоо таван жилийн дараа өмнөх жиндээ хүрч байгаа нь харагдаж байжээ.

Эндээс харвал тураах эм, бэлдмэлүүдийн буцаж сэргэх хурд нь хоолны дэглэмтэй харьцуулахад хэд дахин их байгаа юм.

“Эдгээр эм бэлдмэлүүд нь жин хасахад маш сайн үр дүнтэй боловч хэрэглэхээ зогсоовол хоолны дэглэмээр турсан хүмүүсээс илүү хурдтай алдсан жингээ сэргээж байна” гэж Оксфордын Их сургуулийн анагаах ухааны профессор Сюзан Жэбб тайлбарлажээ.

Британийн эрүүл мэндийн байгууллага тураах эм бэлдмэлийг хоёр жилээс илүү урт хугацаагаар хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Гэхдээ өвчтөнүүдийн ихэнх нь өндөр өртөг, гаж нөлөө, жин буурахаа больсон зэрэг шалтгаануудын улмаас хоёр жилээс өмнө зогсоодог юм байна.

“Хүмүүс үүнийг нэг бол насан туршийн эмчилгээ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. Үгүй бол эмч мэргэжилтнүүд бид хэрэглэхээ зогсоосон хүмүүст ямар зөвлөмж өгөх талаар бодох шаардлагатай байна” гэж профессор Жэбб судалгааныхаа үр дүнгийн талаар ярьжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button