Зеленский Путинтэй нүүр тулж уулзахад бэлэн гэжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт /2025.05.15/ Турк улсад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзахад бэлэн гэж хэлсэн байна. Путин ням гарагт /2025.05.11/ мэдэгдэл хийхдээ Украины эрх баригчидтай ямар нэгэн нөхцөл тавилгүй хэлэлцээ хийх санал тавьсан. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Зеленскийг тэрхүү саналыг шууд хүлээн ав гэсний дараа Зеленский ингэж мэдэгджээ.
Европын удирдагчид бямба гарагт /2025.05.10/ ОХУ-д шаардлага тавьж, даваа гарагаас эхлэн ямар нэгэн нөхцөл тавилгүй 30 хоног гал зогсоохыг зөвшөөр үгүй бол шинээр хориг тавина хэмээсэн. Үүний эсрэг алхам хийхдээ Путин гал зогсоохын өмнө Украин-ОХУ-ын хооронд шууд яриа хэлэлцээ явуулъя гэж хариу санал тавив. Гэхдээ санал дэвшүүлээд буй уулзалтад Путин өөрөө оролцох эсэх нь тодорхойгүй.
Тэгвэл Зеленский Х платформ дээр бичихдээ “Би Путинийг пүрэв гарагт Туркт хүлээж байх болно. Энэ удаад оросууд шалтаг хайхгүй байх гэж найдаж байна” гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины дайныг түргэн дуусгахыг шаардаж буй. Тэр Туркт болж магадгүй уулзалтын талаар “Уулзалт дээр ядаж хэлэлцээ хийх боломжтой эсэхийг тодорхойлж болно. Хэрвээ боломжгүй бол Европын удирдагчид болон АНУ нөхцөл байдал ямар байгааг мэдэж, зохих арга хэмжээ авна” гэжээ.