
Дэлхийн бөхчүүд ирэх өдрүүдэд Улаанбаатарт чуулах нь. Тэд энэ сарын 29-нөөс ирэх сарын 1-ний хооронд Улаанбаатар хот, “Буянт-Ухаа” спортын ордонд эхлэх олон улсын нээлттэй тэмцээнд барилдахаар манай улсыг зорин ирнэ.
Дэлхийн чансааны оноо олгох энэхүү цуврал тэмцээнд олон улсаас оролцох тамирчид тодроод байна. Зохион байгуулагч орны хувьд манай улсаас жин тус бүрд тамирчнаа сойхоос гадна сонгомол бөхийн барилдаанд анхаарал хандуулж байгаа юм. Манай бөхчүүд тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багийн дүнгээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн. Бөхчүүдээс алтан медалийн тавцанд гарч чадаагүй ч гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн. Түүнээс хойш бэлтгэлдээ анхаарал хандуулж Улаанбаатарын нээлттэй тэмцээнээс өмнө хилийн дээс алхаж байна.
Эмэгтэй бөхчүүд зургаан тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр хамтарсан бэлтгэл хийхээр БНСУ-ыг зорив. Тамирчдын бүх зардлыг БНСУ-ын тал дааж байгаа бөгөөд бэлтгэл энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх юм. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр өнгөрсөн сард Иорданы нийслэл Амманд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр БНСУ-ын бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан Жин Сеоктой уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцсан нь энэ цагт биеллээ олж байгаа нь энэ юм.
Эрэгтэй бөхчүүдийн хувьд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна. Өнгөрсөн сарын 28-нд эхэлсэн бэлтгэл 21 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Дагестаны бөх, дэлхийн таван удаагийн аварга Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд манай бөхчүүд оролцохоор төлөвлөж байгааг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв. Энэ удаагийн хамтарсан бэлтгэлийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвилитэй холбоо тогтоож, холбооны дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болд Дагестаны шигшээ багийн дасгалжуулагчтай холбогдон яриа хэлцэл өрнүүлсний дүнд ажил хэрэг болжээ. Ийнхүү шигшээ багийн тамирчид энэ сарын 21-нд эх орондоо ирж, чансааны оноо олгох олон улсын тэмцээнд зодоглох юм. Чөлөөт бөхийн Улаанбаатарын нээлттэй тэмцээнд манай улсаас дараах ангилалд зодоглоно.
Эмэгтэйчүүдийн төрөлд
50 кг А.Амар-Орчлон, Г.Оюундарь, М.Пүрэвтунгалаг,
53 кг Г.Цовоо, О.Ариунзаяа, Р.Оюунбилэг, Ц.Намуунцэцэг
55 кг Б.Хулан, Б.Отгонтуяа, Б.Дөлгөөн, Н.Түмэндэмбэрэл
57 кг Б.Энхтүвшин, Л.Эрдэнэболор, Ү.Мөнхчимэг
59 кг Б.Анударь, Б.Хоролгарав, М.Баясгалан
62 кг Э.Саруул, П.Орхон, С.Цэрэнчимэд
65 кг Б.Майцэцэг, Э.Одгэрэл, Н.Нархажид
68 кг А.Даваажаргал, Б.Ганцэцэг, М.Батсүрэн
72 кг Б.Найдансүрэн, Д.Цогзолмаа, З.Болортунгалаг
76 кг Г.Уртнасан, Х.Сувд-Эрдэнэ, О.Цэлмүүн нар дэвжээнд гарах юм.
Эрэгтэйчүүдээс
57 кг М.Даваабанди, С.Жигүүр, З.Батмэнд
61 кг Э.Энхболд, Г.Болор-Эрдэнэ, Н.Ганбаяр
65 кг Б.Гантулга, Б.Зэнээмэдэр, Д.Төрбаяр
70 кг А.Анх-Эрдэнэ, Б.Өсөхбаяр, Г.Хангайбаяр
74 кг Б.Бүрэнжаргал, Э.Төгсжаргал, Ш.Дэлэг
79 кг Г.Сүхбат, Ж.Далайцэрэн, Я.Ерөөлт
86 кг Б.Бямбадорж, Г.Даянбилэг, Ц.Ганбат, Ц.Тамираа
92 кг Д.Дэлгэрдалай, С.Баярбаатар, Т.Дэмчигдорж
97 кг Д.Саранцогт, Г.Ганхуяг, Г.Төвшинтөр
125 кг Ч.Алтангэрэл, Д.Нарантулга, Д.Бямба-Эрдэнэ нар,
Сонгомол бөхийн төрөлд
55 кг М.Даваабанди, М.Сумъяабазар
60 кг Н.Ганбаяр
72 кг Б.Занданбат
77 кг Д.Лхагвасүрэн, Н.Оргил
87 кг Ц.Батбаяр
130 кг Б.Намбардагва, Б.Төрбат нар барилдахаар мэдүүлээд байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2025 онд болох ДАШТ, Дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн, Тивийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг зарлажээ.