Японы баруун өмнөд хэсэгт орших Ойта нисэх онгоцны буудал Hello Kitty-ийн хэв маягаар шинэчлэгдэн, зургаан сарын хугацаанд тус брэндийн дүр төрхийг ашиглах ребрендинг эхлүүлжээ. Энэхүү шинэчлэл нь аравдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд зорчигчдод Японы “кавай” буюу өхөөрдөм соёлын өнгө аяс бүхий өвөрмөц уур амьсгалыг мэдрүүлэхээр зорьж байна.

Ребрендингийн хүрээнд зорчигчид онгоцны буудлын өнцөг булан бүрээс Hello Kitty болон түүний найзуудын зураг, баримлуудыг олж харах боломжтой. Ойта нисэх онгоцны буудлын дотор, гаднагүй Hello Kitty-гийн найзууд болох My Melody, Kuromi, Little Twin Stars, Pochacco зэрэг баатруудын дүрслэл байршсан бөгөөд мерч бүтээгдэхүүнүүд ч худалдаанд гарчээ. Ойта мужийн аялал жуулчлалын газрын төлөөлөгч “Бид Токио, Киото зэрэг аялал жуулчлалын эрэлт ихтэй бүс нутгуудаас илүүтэй, халуун рашаан, байгалийн өвөрмөц тогтцоороо алдартай Ойта руу жуулчдыг татахыг зорьж байна” гэжээ.
