Тэрбумтан Билл Гэйтс хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсэд хандивлана
Америкийн тэрбумтан Билл Гэйтс өөрийн $200 тэрбумын хөрөнгөө 2045 он хүртэл буяны үйлсэд зарцуулж дуусгахаар төлөвлөснөө зарлажээ.

Энэ ажлаа тэр өөрийн үүсгэн байгуулсан сангаар дамжуулж хэрэгжүүлэх бөгөөд тус санг 2045 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хаахаар болсон байна. 69 настай Гэйтс ийнхүү өөрийн хөрөнгийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зарцуулж дуусгах хугацааг өмнө нь төлөвлөж байснаасаа хэдэн жилээр урагшлуулж байгаа юм. Хандивын хөрөнгө нь саа, хумхаа зэрэг халдварт өвчнийг устгах, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг зогсоох, дэлхий дахинд ядуурлыг бууруулах зэрэг хэд хэдэн зорилгод зарцуулагдах юм байна.
Гэйтсийн шийдвэр Трампын засаг захиргаа АНУ-ын олон улсын хандив, тусламжийн олон төслийг зогсоосон цаг үетэй давхцаж байгаа юм.
2000 онд тэр тухайн үед эхнэр нь байсан Мелинда Фрэнч Гэйтстэй хамтран энэ санг байгуулж, хожим тэрбумтан Уоррен Баффет тэдэнтэй нэгдэж байв.
Тус сан байгуулагдсан цагаасаа хойш нийт $100 тэрбумыг олон сая хүний эрт нас баралтыг зогсоох, вакцин бүтээх, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх зэрэг олон сайн үйлсэд зарцуулсан байна. Гэйтсийн хувийн хөрөнгийн 99 хувийг зарцуулж дууссаны дараа энэ сан хаагдах ажээ.