Life

Ойрхи дорнод дах анхны "Disney Land" Абу Даби хотноо байгуулагдана

Walt Disney компани Ойрх Дорнод дахь анхны сэдэвчилсэн соёл, амралтын хүрээлэнгээ Арабын Нэгдсэн Эмират улсын амралт зугаалгын төв болсон арал дээр байгуулахаар болсноо зарлалаа.

“Disneyland Abu Dhabi” нь компанийн 13 дахь хүрээлэн болох бөгөөд барилгын ажил, үйл ажиллагааг нь АНЭУ-ын Miral Group хариуцаж, мөн төслийг эзэмших юм байна. Шинэ Disneyland баригдах Абу Даби хотын Яас арал дээр өдгөө “Ferrari World”, “Warner Bros. World”, “SeaWorld” гэсэн томоохон соёл, амралтын хүрээлэнгүүд байршдаг юм.

Одоогоор төслийн өртөг болон гол байгууламжууд, тоглоомуудын талаар мэдээлэл ил болоогүй аж. Шинэ Disneyland-ийн төсөл батлагдаж, дизайн нь гарсны дараа ихэвчлэн 5-6 жилийн дараа хүрээлэн үүд хаалгаа нээдэг байна.

Walt Disney хамгийн сүүлд 2016 онд Шанхай хотод шинэ хүрээлэнгээ байгуулж байлаа. Хамгийн өндөр ашиг олдог соёл, амралтын хүрээлэнгийн бизнесийнхээ өсөлтийг улам эрчимжүүлэхийн тулд ирэх 10 жилийн хугацаанд 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг тус компани саяхан гаргасан юм.

Үүнээс гадна Walt Disney санхүүгийн хоёрдугаар улиралд нэгж хувьцаанд ногдох ашиг нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсөж 1.45 ам.долларт хүрснийг тайлагнасан. Гуравдугаар сарын 29-нд эцэслэгдсэн санхүүгийн улиралд компанийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсөж, 23.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тайлангийн дараа Нью-Йоркийн биржид нэгж хувьцааны ханш нь 12 хувиар өсжээ. 

Холбоотой мэдээнүүд

Back to top button