Энэтхэг улс Пакистан руу урсдаг голуудынхаа урсгалыг бооно
Өчигдөр Энэтхэг улс хил дамнаж гадагшаа урсдаг голуудынхаа урсгалыг хаах тухай мэдэгджээ.
Ерөнхий сайд Нарендра Моди “Энэтхэгийн ус одоо Энэтхэгийн ашиг тусын тулд урсаж, Энэтхэгийн ашиг тусын тулд хуримтлагдаж, Энэтхэгийн хөгжил дэвшлийн төлөө ашиглагдах болно” гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ тэр хөрш Пакистаны нэрийг дурдаагүй ч 65 жилийн өмнө хоёр улсын хооронд байгуулсан ус хуваах гэрээг түдгэлзүүлснээсээ хойш хоёр долоо хоногийн дараа ийнхүү сүрдүүлсэн нь анхаарал татаж байгаа юм.
Өнгөрсөн сард Энэтхэгийн захиргаанд байдаг Кашмирын бүс нутагт зэвсэгт этгээдүүд 26 энгийн хүний амийг хөнөөсний дараа Энэтхэг, Пакистаны харилцаа эрс муудаад байгаа. Уг халдлагад Энэтхэгийн тал Пакистаныг буруутгасан ч Исламабадын эрх баригчид оролцоогоо эрс үгүйсгэсээр байна.
Энэтхэгийн нутгаас хэд хэдэн гол Пакистан руу урсаж, тус улсын нийт тариалангийн талбайн 80 орчим хувийг усаар хангадаг. Пакистаны эрх баригчид өмнө нь голын урсгалыг зогсоох аливаа оролдлогыг “дайн зарласанд тооцох”-оо Энэтхэгийн талд анхааруулж байв.
Гэхдээ голуудын урсгалыг хаахын тулд олон тооны далан, усан сан байгуулах шаардлагатай, эдгээрийг босгоход багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэрэгтэй гэж ажиглагчид үзэж байна.