Хятад К-поп урлагт тавьсан хоригоо зөөлрүүллээ
Хятад улс дотоодын эдийн засгийн дарамт, АНУ-тай үүссэн худалдааны хурцадмал байдалтай зэрэгцэн К-поп урлагт тавьсан албан бус хоригийг зөөлрүүлж эхэллээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь тус улсын дотоодын хэрэглээг сэргээх, хөрш орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргах зорилготой өргөн хүрээний стратегийн нэг хэсэг юм.

БНСУ-ын “Epex” хамтлаг энэ тавдугаар сард Эх газрын Хятадад тоглолт хийхээр болсон нь энэхүү стратегийн хамгийн анхны том алхам болж байна. Энэ нь 2016 оноос хойш Хятадад зохион байгуулагдаж буй анхны Солонгос хамтлагийн тоглолт байх юм. Мөн есдүгээр сард Өмнөд Солонгосын хамгийн том К-поп арга хэмжээ болох “Dream Concert”-ийг Хайнань мужийн 40,000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар товложээ. Энэ бүхнээс харахад Бээжин К-поп уран бүтээлчдэд дахин хаалгаа нээж, албан бус хоригийг үе шаттайгаар цуцалж эхэлсэн нь тодорхой байна.
Эдийн засгийн хувьд Хятадын дотоодын хэрэглээ сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц буурсан. Үүнийг сэргээхийн тулд тус улсын Засгийн газар соёлын арга хэмжээг дэмжих, тэр дундаа гадаадын поп тоглолтыг нэвтрүүлэх бодлого баримталж байна. Ийнхүү соёлын салбараар дамжуулан аялал жуулчлал, үйлчилгээ, худалдааны салбарт шинэ уур амьсгал оруулахыг зорьж буй аж. Нөгөөтэйгүүр, 2016 онд АНУ-ын пуужингийн хамгаалалтын системийн маргаанаас болж муудсан Хятад-Солонгосын харилцааг сэргээхэд К-поп гүүр болох боломжтойг шинжээчид онцолжээ.