Razer компани компьютерийн босоо хулгана танилцууллаа

Razer компани бүтээмж болон эргономикийг хослуулсан хоёр шинэ загварын хулганаа албан ёсоор танилцууллаа. Шинэ Pro Click V2 болон компанийн анхны босоо загвар болох Pro Click V2 Vertical Edition хулганууд нь тоглоомын бус, оффисын хэрэглээнд зориулагдсан гэдгээрээ онцлог юм.
Шинэчлэгдсэн Pro Click V2 загвар нь 30 градусын хазайлтаар гарын тав тухтай байрлалыг дэмждэг эргономик хэлбэртэй бөгөөд 9 ширхэг програмчлагдах товчлуур, хажуугийн резинэн бариул, олон сувгийн утасгүй холболт (USB-C, Bluetooth, 2.4GHz) зэргийг багтаажээ. Хулгана нь Razer Focus Pro 30K оптик мэдрэгчтэй бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр RGB гэрэлгүй горимд 6 сар хүртэл ажиллах чадвартай. Жин нь 150 грамм, үнэ нь 99.99 ам.доллар байна.

Харин Pro Click V2 Vertical Edition нь Razer-ийн хувьд анхны босоо хэлбэртэй хулгана бөгөөд 71.7 градусын налуутай “гар барих” байрлалд үндэслэсэн загвартай. Энэ нь бугуйн ачааллыг бууруулах, тав тухтай ажиллах орчинг бүрдүүлэх зорилготой. Хулгана нь 8 програмчлагдах товчлуур, Focus Pro 30K мэдрэгчтэй бөгөөд 3.5 сар хүртэл батерей барих чадвартай. Жин нь 110 грамм, үнэ нь 119.99 ам.доллар юм.
Хоёр хулгана хоёулаа AI Prompt Master нэртэй шинэ товчлууртай болсон нь ChatGPT болон Microsoft Copilot зэрэг хиймэл оюун ухааны туслахуудыг нэг даралтаар идэвхжүүлэх зориулалттай. Мөн Razer Synapse програмын тусламжтайгаар товчлуур, DPI, гэрэлтүүлэг зэрэг тохиргоог нарийн хийх боломжтой байна.
Razer-ийн энэхүү шинэ бүтээгдэхүүн нь тоглоомоос гадна оффис, бүтээмжид чиглэсэн техник хэрэгслийн зах зээлд эрчимтэй орж буйг илтгэж байна.
